Өнгөрсөн пүрэв гарагт “Авилгатай тэмцэх сэтгүүлчдийн клуб” ТББ-ын тэргүүн Б.Отгонбаяр хэвлэлийн хурал зарлаж,
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийг нь шүүхэд өгсөн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд дээрх хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тухайлбал өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн үеэр Н.Номтойбаяр гишүүний туслах Б.Батзориг гэх залуу түүний талаарх сөрөг мэдээлэлтэй бичлэгийг цахим сүлжээнд тавьж шуугиан тарьж байсан.
Харин сэтгүүлч Б.Отгонбаяр дээрх мэдээлэлтэй холбогдуулан өөрийн зүгээс анализ нийтлэл бичсэн байдаг. Гэтэл үүнийх нь төлөө Б.Отгонбаяр сэтгүүлчийг буруутган, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ажээ.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би Б.Отгонбаяр сэтгүүлчийг шалгуулахаар ямар ч өргөдөл гомдол цагдаагийн газарт өгөөгүй. Энэ хүнийг таних ч үгүй юм байна. Өнөөдөр л албан ёсоор нүүр тулан танилцаж байна. Бичсэн материалыг нь өчигдөр л уншсан.
Тэр нийтлэл ч учир дутагдалтай санагдсан. Гэхдээ би болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль нь ч Б.Отгонбаяр сэтгүүлчийн эсрэг гомдол гаргаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Цаашид гомдол гаргахгүй. Настай хүний эсрэг тийм зүйл хийх хүсэл алга” гэсэн юм.
Тэрбээр мөн “Б.Батзоригийн цахим хуудсанд тавьсан бичлэгтэй холбогдуулан бичсэн нийтлэлд нь Б.Отгонбаяр сэтгүүлчийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн гэж байна. Энэ бол ташаа мэдээлэл.
Би сэтгүүлчдийн ажил хөдөлмөрт тэвчээртэй, хүндэтгэж ханддаг. Өчигдөр хөдөөнөөс ирээд л энэ тухай дуулсан. Яагаад Б.Отгонбаяр сэтгүүлчийг мөрдөн шалгах болсныг холбогдох хүмүүсээс нь асуу” гэлээ.
Түүнчлэн түүний туслахаар ажиллаж байсан Б.Батзориг нь түүнтэй холбоотой хэд хэдэн ноцтой баримт дэлгэсэн бичлэгийг интернэтэд тавиад гадаадад гарсан гэнэ.
Н.Номтойбаяр гишүүн энэ талаар анх удаа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Би анх 2000 оны эхэн үеэр Б.Батзоригтой Багануур дүүрэгт танилцсан.
Надад ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүний дагуу холбогдох материалыг нь бүрдүүлээд эргэн уулзахаар болсон. Ажилд орохоор өгсөн холбогдох материалтай нь танилцахад ял шийтгэлтэй эсэхийг тогтоосонтодорхойлолтыг үзүүлээгүй.
Яагаад гэвэл, Б.Батзориг тухайн үедээ “Монгол шуудан” банкинд ажиллаж байхдаа мөнгөний хэрэгт холбогдоод шүүхээс тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан гэсэн. Гэхдээ тэр залууд итгэж, өөрийн туслахаар ажиллуулсан. Үүний дараа Санхүү, эдийн засгийн дээд сургуульд дөрвөн жил өөрийн мөнгөөр суралцуулсан. Тэгээд түүнийг “МАК” компанийн Хяналт, шалгалт мониторингийн хэлтэст ажиллуулж байсан.
Гэтэл Б.Батзориг нь ажиллаж байх хугацаандаа надад хэлэлгүйгээр эхнэртэйгээ нийлэн сейфнээс 15 мянган евро буюу тухайн үеийн ханшаар 27 сая төгрөг авсан, мөн компанийн санхүүгээс миний нэрийг барьж 22 сая төгрөгийг олон удаагийн үйлдлээр авсан байсан” гэсэн юм.
Мөн Б.Батзориг нь Н.Номтойбаяр гишүүний найз Б.Батхуягаас найман сая төгрөг, Б.Батхуягийн нэр дээр байсан автомашины бичиг баримтыг хуурамчаар үйлдэн бусдад худалдаалсан, өөр олон мөнгө залилсан аж.
Н.Номтойбаяр гишүүний талаар мэдээлэл цацсан өдөр буюу 2012 оны зургадугаар сарын 26-ны өдөр бичлэгийг тараан, Монгол Улсаас зугтсан гэнэ. Н.Номтойбаяр гишүүн Б.Батзоригийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулж байгаа юм байна.
Харин сэтгүүлч Б.Отгонбаяр ярихдаа “Н.Номтойбаяр гишүүн намайг цагдаад өгч шалгуулах явуулгыг хийсэн. Мөн намайг зодуулахаар хүмүүс явуулсан” гэсэн юм. Ямартай ч эл хэрэг хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ.
Эх сурвалж: