Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг өөрчлөн найруулахаар тогтлоо.
Өнөөгийн байдлаар Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх” үүрэг бүхий Ажлын хэсгээс нүүрсний жишиг үнийг зарлахдаа тухайн ордын шинж чанараас үл хамааран нийтлэг байдлаар буюу зөвхөн илчлэгийн үзүүлэлтээр ангилж зах зээлийн үнийг тодорхойлж байна.
“Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг өөрчлөн найруулснаар олон улсын жишигт нийцсэн нэр томьёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний жишиг үнийг зарлана. Ингэснээр бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн экспортлогдох юм.