НИТХ-аас өнгөрсөн онд “Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг баталсан. Энэ онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд 142 хороонд байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоодын бичил бизнесийн төслийн санхүүжилтийн ажлыг зохион байгуулна
Өнөөдрийн байдлаар 123 Хадгаламж зээлийн хоршоо Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй байгаагаас 100 хоршоо Санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрөл авах бичиг баримтаа бүрдүүлэн өгч, 22 хоршоо санхүүгийн үйлчилгээ эрхлэх болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл авсан.
Тусгай зөвшөөрлөө авсан 10 Хадгаламж зээлийн хоршооны 221 төсөлд нийт 939.9 сая төгрөгийн санхүүжилтийг “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан”-гаас олгоод байгаа бөгөөд эдгээр төслийн хүрээнд шинээр 147 ажлын байр бий болж, 304 ажлын байр хадгалагдаж байна. Энэхүү хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр ойролцоогоор 2500 шинэ ажлын байр бий болж, 5000 ажлын байр хадгалагдахаар байгаа юм.
Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд Хадгаламж зээлийн хоршооны суурь мэдлэг олгох, бизнес эрхлэлт болон санхүүгийн анхан шатны сургалтуудыг шат дараатай зохион байгуулж, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд гаргах ажлыг дэмжин ажиллах, хоршоо хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.