Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 06 сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн Соёл урлагийг хөгжүүлэх сан”-г татан буулгаж, хөрөнгийг нийслэлийн Соёл урлагийн газарт шилжүүлэх тухай асуудлыг Соёлын газрын дарга Б.Батцэнгэл танилцуулсан юм. “Соёл урлагийг хөгжүүлэх сан” нь нийслэлийн хэмжээнд соёл урлагийг хөгжүүлэх, соёл, урлагийн ажилтны мэргэшлийг дээшлүүлэх, соёл урлагийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор анх НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 109 дугаар тогтоолоор байгуулагджээ. 2008 оноос үйл ажиллагаа нь жигдэрч, тогтвортой ажиллаж байсан боловч 2009 онд Дээд шүүхийн шийдвэр гарч, интернэт, РС тоглоомын хэсгийг хүчингүй болгосноор орлого болон үйл ажиллагааны зардал бүрдүүлэх эх үүсвэргүй болж, зогсонги байдалтай ямар нэг үйлчилгээ үзүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна.Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу дансыг нь хааж, төрийн санд үлдэгдлийг шилжүүлснээр үйл ажиллагаа нь дуусгавар болжээ. Иймд тус газрын дэргэд үйл ажиллагаа явуулж байсан “Соёл урлагийг хөгжүүлэх сан” татан буулгаж, үндсэн хөрөнгийг нийслэлийн Соёл, урлагийн газарт шилжүүлэх тогтоолыг Тэргүүлэгчид гаргалаа.
Хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх “Орон нутгийн өмчийн концессын жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн танилцууллаа. НИТХ-ын 2012 оны 6/25 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчийн концессын жагсаалт” дахь 37 төслөөс 12 төслийн уралдаант шалгаруулалтыг зарлан, эхний ээлжийн 3 төсөл нээлтээ хийсэн бөгөөд газар олголт, хот төлөвлөлттэй уялдуулах шалтгаанаар 13 төслийг түр хойшлуулжээ. Харин концессын нэр төрлийг нь өөрчлөх саналтай 5 төсөл, концессын жагсаалтад байгаа боловч бусад төслүүдтэй цогцоор нь шийдэж болох, концессын хууль, уралдаан шалгаруулалтын журмаар гүйцэтгэхэд цаг хугацаа их шаардагдах 9 төслийг жагсаалтаас хасах шаардлагатай байгааг хэлсэн юм. Дээрх асуудлыг Тэргүүлэгчид дэмжин, НИТХ-ын тогтоол гаргахаар боллоо.
Хуралдаанд “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нийтлэг журам”-ыг нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Сүүлийн үед барилгын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн амь нас эрүүл мэнд, аюулгүй байдал алдагдсан зөрчил удаа дараа гарч байгаа нь энэ нь асуудлыг нарийвчлан зохицуулах барилгын үйлдвэрлэл эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, дотоодын хяналтыг сайжруулах шаардалагатай байгаа. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч, барилгын ажилтан иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг энэхүү журмаар зохицуулах юм. Мөн нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлан /аудитын шалгалт хийгдсэн/ 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг НИТХ-ын холбогдох хороодын саналыг авсны дараа НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит хуралдааныг 7 сарын 04-ны өдөр хуралдуулахаар тогтлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.