2015 оны 3 дугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд тэргүүтэй ажлын хэсэг Хөшөөтийн уурхайн удирдлагуудтай уулзаж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн өдрийн 10 цаг 30 минутад Хөшөөт багийн иргэдтэй уулзав.
Тус уулзалтад багийн ард иргэд дараах асуудлуудад шүүмжлэлтэй хандлаа.
Хөшөөтийн уурхайн нэр бүхий компаниуд Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг, ажилчдын нийгмийн болон ахуйн асуудалд сул ханддаг, нүүрсний үнэ өссөн, уурхайн том оврын машинууд иргэдийн гэртэй ойрхон байрлуулсан, уурхайн тоосжилт гэх мэт тулгамдсан асуудлуудаа тус ажлын хэсэгт уламжилж байсан юм.
Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлэхдээ: Хөшөөт төслийн хүрээнд “МоЭнКо” ХХК-тай гэрээ байгуулсан, гэрээний хэрэгжилтийг хангах тал дээр иргэд анхаарах хэрэгтэй, иргэд өөрсдөө гэрээгээ бүгд уншиж судалсан байх, хууль дүрмийн дагуу шаардлага тавьж ажиллах, мөн үйлдвэрчний эвлэлээ байгуулж ажилчдын хөндөгдсөн эрхийг хамгаалах хэрэгтэйг санууллаа.
Иргэдээс гарсан санал хүсэлт, гомдлын дагуу ажлын хэсэг “МоЭнКо”ХХК-ний төлөөлөлтэй дахин уулзаж дээрх санал хүсэлтийн дагуу харилцан хэлэлцэхэд Лю Ди Ван ХХК-тай холбоотой асуудлууд байсан тул тус компаний аюулгүй байдал хариуцсан захирал Жан Жи Жин, Санхүү хариуцсан захирал Ван Ши Жин болон холбогдох албаны хүмүүстэй уулзан дараах чиг үүрэг өгсөн юм.
1. “МоЭнКо”ХХК-тай байгуулсан гэрээний заалт бүрийг чанд сахин ажиллах
2. Хүмүүсийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах
3. Хөдөлмөрийн тухай хуулийг маш сайн судалж, чанд мөрдөж байх
Зэрэг асуудлуудыг хэлэлцэн хэрэгжилтийг хангуулж байхаар тохиролцож, мөн Лю Ди Ван ХХК-ний тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.