Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын 2014 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд 2015 оны нэгдүгээр сарын1-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд 60 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Энэ хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, эсвэл хугацаа хэтрүүлсэн, худал мэдүүлсэн албан тушаалтанд арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-аас холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Тодруулбал, хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн гурван албан тушаалтныг ажлаас нь халах, найман хүний цалинг гурав хүртэлх сарын хугацаанд30 хувь бууруулах, хоёр албан тушаалтанд сануулах арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэжээ. Үндэсний олон нийтийн радио,телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам хөрөнгө, орлогоо мэдүүлэхээс татгалзсан тухай мэдээлж байсан. Ямартай ч тэрбээр хариуцлага хүлээх албан тушаалтны нэг бололтой. Мөн Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Мал эмнэлэг, үржлийн газар, Налайх, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилласан байна. Учир нь, эдгээр байгууллагад авлига их байгааг иргэдээс авсан судалгаа харуулжээ.
эх сурвалж: unen.mn