Өнөөдөр ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.Хурлаар Цагдаагийн ерөнхий газар,Нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ болон тээврийн хэргэгсэл зөөж шилжүүлэх , дугуй түгжих үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтанд оруулав.Хяналтанд дараах зөрчлүүд илэрлээ.
1.Нийслэлийн засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/21 тоот тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 70000-80000 төгрөг байхаар тогтоосон байна. Гэтэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зүйл заалтад заагдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга бүрэн эрхэд хамаарах асуудлаар Нийслэлийн засаг дарга захирамж гарган, “Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-т тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгожээ. Уг тогтоомж хэрэгжиж эхэлсэнээр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөж шилжүүлж,647,710,000 төгрөгний үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч , нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байна.Цагдаагийн байгууллагын нэг удаагийн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг 55000 төгрөг байхаар тогтоосон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 728 тоот тушаалыг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга Л.Батцоож батлан, бүх төрлийн суудлын автомашиныг зөөж шилжүүлэх үйлчилгээний хураамжийг 2014 оны 11 дүгээр сарын 20 ны өдрөөс эхлэн 55,000 төгрөг байхаар тогтоож дээрх зөрчлийг арилгасан гэж үзэхээр байна.
2.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” батлан мөрдүүлжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-д зааснаар “замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх арга хэмжээ авсан бөгөөд хуулиар зохицуулсан харилцааг журам гаргаж өөрөөр зохицуулалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Өөрөөр хэлбэл “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” гаргах эрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хуулиар олгогдоогүй байна.Хуулиндаа бол тээврийн хэрэгслийг зөвхөн зөөж, ачиж, тээвэрлэх гэсэн заалттай байдаг.Ингэснээр өөрсдийн хураалгасан мөнгөө тухайн иргэн шүүхэд хандан буцаан авах боломжтой юм.
Мөн Зөрчилтэй холбогдуулж ШӨХТГ-аас дараах арга хэмжээг авахаар болов:Үүнд
- Өрсөлдөөний тухай хуульд заасныг үндэслэн зөрчил арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх,
- Зөрчил гаргасан этгээдийн дээд шатны байгууллагад зөрчлийг арилгахыг үүрэг болгох саналыг хүргүүлэх,
- Зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх,
4.Зөрчил гаргасан албан тушаалтнуудад өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах зэрэг арга хэмжээг тус тус авахаар болсон байна.
Д.Тэргэл