Америкийн сэтгүүлч, зохиолч, бизнес эрхлэгч Николас Кралев өнөөдөр Монголын сэтгүүлчидтэй хэвлэлийн хүрээлэнд уулзалт хийлээ. Николас Кралев нь АНУ-ын дипломат алба болон олон улсын харилцааны талаарх арвин туршлагатай бөгөөд, нэгдсэн улсын төрийн албаны айлчлалаар дэлхийн 50 гаруй оронд зочилж байсан, олон зуун дипломат ажилтнуудаас ярилцлага авч байсан туршлагатай нэгэн билээ. Тэрээр өнөөдөр “Төрийн бодлогод-Хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвээр сэтгүүлчидтэй санал бодлоо солилцон ярилцлаа. Ярилцлагын эхэнд сэтгүүлчдээс “Монголд хэвлэлийн эрх чөлөө байна уу?” гэж асуухад ихэнх сэтгүүлч эргэлзэж, хагас эрх чөлөөтэй юмуу даа гэж хариуллаа. Дараа нь “Та бүхэнд тулгамдаж байгаа гурван том асуудал юу байна вэ?” гэхэд: 1.Редакцаасаа хараат байдаг 2.Цалин бага/Томоохон компаний үйлчлэгчээс бага цалин авдаг/ 3.Сэтгүүлч мэргэжил эзэмшүүлж буй боловсролын байгууллагын чанар муу байна гэсэн хариултыг сэтгүүлчид өглөө. Николас Кралев: “Иймэрхүү байдал зөвхөн танай оронд бус бусад орнуудад ч адилхан байдаг юм. АНУ бол сэтгүүл зүй өндөр хөгжсөн туршлагатай улс. АНУ-ын Хэвлэл мэдээллийн хэрэгслээс жишээ авбал зүйтэй. Сэтгүүлчид засгийн газрын болон эдийн засгийн мэдээ бичихдээ байгаа байдлаар нь шууд дамжуулж мэдээлдэг. Энэ нь уншигчдад сонирхолгүй байдаг. Уншигчдад зориулж бичиж байгаа мэдээллээ уншвар сайтай, амттай бичих нь чухал. Тухайлбал инфляциин түвшин ямар байгааг тоогоор илэрхийлэх бус хүмүүсийн амьдралд яаж нөлөөлж байгаагаар бичвэл хүмүүст хүрнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл 1. Мэдээлэх 2. Мэдлэг олгох 3.Сонирхолтой байх хэрэгтэй. ЗГ-ын болон Э/з-ийн мэдээллүүдийг жирийн иргэд ойлгоход хэцүү байдаг учраас сонирхолтой байдлаар бичих хэрэгтэй” гэж зөвлөлөө.
Л.Цэрэндолгор