Бүсгүй хүн бүрийн мөрөөдөл хуримын ордонд гоёмсог хуримын даашинзтай, хайртай залуугынхаа дэргэд зогсох байдаг шүү дээ. Бүсгүй та магадгүй энэ мөрөөдлөө хэдийнэ биелүүлчихсэн, аль эсвэл мөдхөн энэ мөрөөдлөө биелүүлэхээр төлөвлөж суугаа байх. Харин та хуримын даашинз яагаад цагаан өнгөтэй байдаг юм болоо гэж бодож үзсэн үү? Тэгвэл хуримын даашинз цагаан өнгөтэй болсон түүхийг өгүүлье.
Цагаан өнгө нь гэм хоргүй, аз жаргалын билэг тэмдэг ажээ. Эртний Ромд бэрийн даашинз, тор зэрэг нь шар өнгөтэй байсан гэдэг. Энэ нь гэрлэсэн гэдгийг нь ялган илэрхийлдэг аж. Харин Дундад зууны үед даашинзны өнгийг бус үзэмж, чанарыг нь илүүд үзэх болжээ. Тухайн үед хүн бүр өөрийн сонгосон, хамгийн сайхан даашинзаа өмсдөг байв. Цагаан өнгийн даашинз XVI зуунаас дэлгэрсэн бөгөөд тэр үеийн хааны гэр бүлийн бэрүүд мөнгөлөг даашинз өмсдөг байсан аж. Харин хатан хаан Виктория үүнээс татгалзан цагаан өнгийн даашинз өмсөхөөр зүтгэн шалжээ. Үүнээс хойш Англи Францын зохиолчид цагаан өнгө бол гэм хоргүйн илэрхийлэл болох тухай бичиж эхэлсэн бөгөөд тэр үеийн ёсоор ганц бие гэрлэх нөхцөлтэй байсан учир цагаан өмсгөлийг уламжлал болгосон байна. Мөн хуримын даашинзтай холбоотой нэгэн мухар сүсэг байдаг. Энэ нь бэр өөрийн даашинзаа оёх, хүргэн хүү хуримын өмнө сүйт бүсгүйгээ харах, сүйт бүсгүй хуримын даашинзаа хуримнаасаа өмнө өмсөх зэргийг муу ёр гэдэг аж.
Мөн бөгжний тухай түүхийг сонирхуулахад энэ нь эртний Египетээс эхлэлтэй юм. МЭӨ 2800 оны үед амьдарч байсан Египетчүүд дугуй тойрог хэлбэртэй биетэд эхлэл төгсгөл гэж байхгүй учир хязгааргүй байдлын илэрхийлэл хэмээн үзэж бөгж солилцох ёсыг үүсгэжээ. Хожим Ромчуудад энэ нь уламжлагдсан нь археологийн малталтаар харагддаг. Бөгжийг зүүн гарын ядам хуруунд зүүдэг нь тухайн үед анагаах ухаан, хүний биеийн судлал хөгжөөгүй байсантай холбоотой. Тэр үед цусны эргэлтийн гол судас зүүн гарын энэ хуруунаас эхлэн зүрхэнд очдог хэмээн үздэг байсан аж. Иймээс ядам хуруундаа зүүх нь хос хоёрын сэтгэл зүрхийг холбосны бэлэгдэл болдог байжээ. Ийнхүү одоог хүртэл хуримын бөгжийг зөвхөн ядам хуруундаа зүүсээр ирсэн юм.
Ингээд гоёмсог хуримын даашинзны загвараас хүргэж байна.
эх сурвалж: emegteichuud.mn