Сүүлийн жилүүдэд нийслэл болоод орон нутгийн шинээр баригдсан замуудын чанарын асуудал иргэдийн сэтгэлийг зовоох болсон. Өч төчнөөн мөнгө хөрөнгөөр боссон зам нь жил хүрэхгүй хугацаанд энд тэндээ хагарч, нүх гарч энхэл донхол болдог. Ингээд уг замаа засварлаж янзлахаас аргагүй байдал үүсдэг.
Тэгвэл энэ байдал өнөөдөр ч давтагдаж байна. Тодруулбал ашиглалтад ороод нэг жил ч болоогүй Богд уулын арын зам буюу Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх авто замд өнгөрсөн долоо хоногоос засварын ажил хийж эхэлжээ. Уг замд хагарал үүссэн тул ийнхүү засварын ажлыг хийж байгаа аж.
Харин үүнийгээ албаныхан “ Чанаргүй зам барьснаас болсон зүйл биш. Цаг агаарын эрс тэс уур амьсгалаас үүдэн замд хагарал үүсдэг. Уг замыг “Эсто” компани барьж гүйцэтгэсэн тул засварын ажлыг гурван жилийн хугацаанд хариуцан гүйцэтгэнэ” хэмээн тайлбарлалаа.
эх сурвалж: everyday.mn