Монгол улсын нутаг дэвсгэрт жил бүр цагийн тооллыг тодорхой хугацаанд нэг цагаар урагшлуулж ажил үйлчилгээ эхлүүлэх цагийг зуны хуваарьт шилжүүлсэнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээг тооцох тарифын хугацаанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Өөрчлөлтийн хувьд айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тарифыг мөрдөх хугацааг нэг цагаар урагшлуулсан ба энэхүү шийдвэрийг жил бүр улс даяар зуны цагийн хуваарьт шилжсэний дараа буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1 хүртэл мөрдөж, харин хүйтний улирлуудад өмнө нь мөрдөж байсан цагт шилжүүлэх юм.
Зуны цагийг урагшлуулах нь иргэдэд эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлж хөгжүүлэх, нийгмийн идэвхээ сайжруулахад таатай нөлөө үзүүлдгээс гадна өдрийн нарны гэрлийг ашиглах боломж нэмэгдсэнээр цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулж, энергийн хэмнэлт хийх, цаашилбал агаарын бохирдлыг бууруулах гээд олон талын ач холбогдолтой байдгийг эрдэмтэд тодорхойлжээ. Харин манай улсын цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагуудад цагийн тоолол шилжих бүрт буюу жилд хоёр удаа хэрэглэгчдийн ая тухыг алдагдуулан тоолуурыг нь салгах, угсрах, тарифын цагийг өөрчлөн програмчлах нөхцөл үүсэх тул шаардлагатай ажлын зардал, хүн хүч, цаг хугацааг хэмнэх үүднээс ийнхүү тарифт тоолуурын цагийг өөрчилжээ.
эх сурвалж: undesten.mn