Төрийн байгууллагуудаас 57 машин хураажээ

zaluu_551b7dee63a76_1Төрийн албан хаагчдын тансаг хэрэглээг хязгаарлаж, хот дотор албан хэрэгцээний том оврын жийп машин унахыг хориглох шийдвэрийг Ерөнхий сайд гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр шатахуун их зарцуулдаг, том оврын автомашиныг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд ашиглахыг зогсоож, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин унаж, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай машин ашиглах шаардлага тавьсан юм. Төрийн өмчит 757 байгууллага нийт 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврынх аж. Дээрх байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчсөн байна. 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж буй нийт автомашины гараашийн зардалд 3.6 тэрбум, шатахуунд 16.3, сэлбэг хэрэгсэлд тав, жолоочийн цалинд 25, нийт 50 тэрбум төгрөг зарцуулжээ. Тиймээс энэ их үргүй зардлыг багасгахын тулд ТӨХ-ноос яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудынтом оврын тансаг зэрэглэлийн автомашиныг хурааж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 57 автомашиныг хураан аваад байгаа аж. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлэхдээ “100 км-т 16 литрээс илүү шатахуун зарцуулдаг том оврын авто машиныг төвлөрүүлэх Төрийн өмчийн хорооны даргын шийдвэрийг бүх яам, агентлаг, их, дээд сургуулиудад хүргүүлснээр 40 автомашин хурааж авсан.Хүнс, хөдөө аж ахуйн яам, Худалдан авах ажиллагааны газар, ИНЕГ, УБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас бусад яам, агентлагууд авто машинаа төвлөрүүлээгүй байна. Сангийн яам “Патрол” маркийн машинаа “ХАА-ийн давхар даатгал” ХК-д балансаас балансад, Зам тээврийн яам болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам автомашинуудаа харьяа байгуулагууддаа үнэ төлбөргүй шилжүүлэх зэрэг зөрчил  илэрч байгаа цаашид ийм дутагдал гаргаж болохгүй хэмээн яам, агентлагийн удирдлагуудад анхааруулсан юм.

Бид зөрчил гаргасан гэх Сангийн яам болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас дараах тодруулгыг авлаа.

Сангийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Ганболд:

-Манай яам ТӨХ-нд албан хэрэгцээндээ ашиглаж байсан”Патрол” маркийн машинаа “ХАА-ийн давхар даатгал” төрийн өмчит компанид шилжүүлж болох уу, эсвэл танайд хүлээлгэж өгөх үү гэсэн хүсэлт явуулсан. ТӨХ-ныхон хуралдаад “Патрол” маркийн машиныг “ХАА-ийн давхар даатгал” ХК-д шилжүүлж болно гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс бид шилжүүлсэн. Манайд одоо ямар ч том оврын машин байхгүй.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ерөнхий нягтлан

-Танай яамыг том оврын автомашинуудаа харьяа байгуулагууддаа үнэ төлбөргүй шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан энэ үнэн үү?

-Манай яам 2012 онд өөрийн нэр дээр байсан Ланд круйзер маркийн машинаа ЦЕГ-ын хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх тасагт Төрийн нарийн бичгийн даргын хувиарийн дагуу өгсөн. Мөн 2012, 2014 онд бусад харъяа байгууллагууддаа дөрвөн машин өгсөн. Гэтэл шийдвэр гарсантай холбогдуулан машинаа шилжүүлж хууль зөрчсөн гэсэн байна лээ.

-Танай яаманд шатахуун их зарцуулдаг том оврын машин хэд байдаг вэ. ТӨХ-нд хүлээлгэж өгсөн үү?

-Бид маргааш ашиглагдахгүй байгаа гурван машинаа Засгийн газрын авто баазад хүлээлгэж өгнө.

-Нийт найман машин байгаа гэсэн шүү дээ. Үлдсэн машинуудаа яах вэ?

-“Байгаль орчныг хамгаалах тухай”, “Усны тухай”, “Ойн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийгддэг усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох, усны тооллого, усны хайгуул, судалгаа, ой хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зэрэг байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх ажилд яамны хэрэгцээнд хөдөө явахад ашигладаг дөрвөн автомашиныг харъяа байгууллагуудад нь үлдээх хүсэлтийн ТӨХ-нд явуулж шийдвэрлүүлнэ.

Т.Болор

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Япон улсын Каназава Их сургууль АШУҮИС-д Төлөөлөгчийн газраа нээлээ

Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар өнөөдөр /2024.04.29/Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд албан …