“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж хүний эрх зөрчигдөж байгаа талаар үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус үндэсний төвийн тэргүүн Х.Бат-Ялалт хууль, цагдаагийн байгууллагын албан хаагчид бодит байдал дээр хэрхэн ажиллаж байгааг баримттай ярьсан юм. Тухайлбал, АПУ компанийн борлуулагчийн амь насанд халдсан хэрэг дээр ажилласан цагдаагийн албан хаагчдид хэрхэн хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Хэвлэлийн хуралд энэ хэрэгт гэрчээр татагдсан хоёр гэрч ирсэн байв.
Мөрдөн байцаах явцад Б.Отгонцэцэг, н.Дэлгэрцэцэг нарыг эрүүдэж, дарамталж өглөөний 09:00-21:00 хүртэл заавал байлгах зэргээр хүндрэл учруулж байсан байна. Түүнчлэн Б.Отгонцэцэгийг хэд хэдэн удаа алгадах, хэрэг рүү хөтөлсөн, тулгасан асуулт тавих, доромжилсон өнгө аястай харьцах зэрэг асуудал гаргаж байжээ.
“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн болон Б.Отгонцэцэг, н.Дэлгэрцэцэг нар Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Прокурорын ерөнхий газар зэрэг байгууллагад олон удаа гомдол гаргажээ. Гэвч эдгээр байгууллага өнөөг хүртэл тоймтой хариу өгөөгүй байна. Тиймээс тус хөдөлгөөн энэ хэргийн эцсийн хариу гарах хүртэл хууль, хяналтын байгууллагатай ажиллана гэдгээ мэдэгдлээ.