Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгийн санаачлагаар Дэлхийн зөн ОУБ, Орхон аймгийн Цагдаагийн газартай хамтран “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалтыг 3 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгууллаа.
Сургалтад Орхон аймгийн цагдаагийн 80 гаруй албан хаагч, тэдний гэр бүлийнхэн оролцсон юм. Уг арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн тоо нэмэгдэж, хүний амь хохирсон, хүнд гэмтсэн аймшигт гэмт хэргүүд гарах болсон. Хайр энхрийлэл, халуун дулаан гэр бүлээс хэзээ ч хүчирхийлэл төрдөггүй. Иймээс гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулж мэдрүүлсэн, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа чухал байгаа” гэлээ. Энэ үүднээс гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд цаашид ч энэ чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөөд байгаагаа онцоллоо.
Тус сургалт нь гэр бүлийн үнэ цэнэ, үр хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлэх, хайрлан хүндлэхэд эцэг эхчүүдийн үүрэг, оролцооны талаар зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд гэр бүл судлаач, мэргэжлийн хүмүүс оролцон сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, зөвлөгөө өглөө. Дэлхийн зөн ОУБ-ын Хүүхэд хамгаалал хөгжлийн хөтөлбөрийн үндэсний зохицуулагч Д.Оюунчимэг, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Даваазул нар гэр бүлийн үнэ цэнийн талаар алба хаагчид, гэр бүл судлаач, мэргэжлийн хүмүүстэй санал бодлоо солилцлоо.
Дээрх санаачлагын хүрээнд УИХ-ын гишүүн М.Батчимэг хил дээр алба хааж байгаа анги, салбарын офицер, ахлагч нарын дунд “Гэр бүлийн боловсролын сургагч багш” бэлтгэх сургалтыг дэмжин оролцож, гэр бүлийн үнэ цэнийг таниулах талаар яриа хийж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн агуулга, ач холбогдлын талаар танилцуулга хийж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.