Бүсгүйчүүд бидний чухал гоёлуудын нэг нь нүдний шил яах аргагүй мөн. Хүний нүүрний хэлбэрт яг тохирсон, зохисон нүдний шил тухайн хүний имижийг 360 градус эргүүлчих тохиолдол бий. Гэхдээ зарим бүсгүйчүүд өөрийн нүүрний хэлбэрт ямар загвартай нүдний шил зохихыг сайн мэддэггүйгээсээ болоод сонголтоо буруу хийдэг. Харин одоо мэдээд аваарай. Бүсгүй танд аль нүдний шил зохих вэ?
Дугуй. Махлаг эмэгтэйчүүдийн ихэнхи нь дугуй нүүрний хэлбэртэй байдаг. Мөн хацар болон дух нь өргөн хүмүүс дугуй хэлбэрийн нүүртэй хүмүүсийн тоонд багтана. Дугуй хэлбэрийн төрхтэй эмэгтэйчүүд хүрээ багатай, тэгш өнцөгт буюу харааных шиг нүдний шил сонговол тохирно. Харин дугуй болон дөрвөлжин шил зүүхгүй байхыг зөвлөе. Өөрийнхөө нүүрний хэлбэрийг дугуй хэмээн боддог бол өнгөний хувьд улбар шар, ногоон хүрээтэй шил авахаас татгалзаарай. Эдгээр өнгөнүүд нь нүүрийг улам өргөн, дугуй харагдуулдаг байна. Харин хар өнгийн шил таныг илүү туранхай, эрхэмсэг харагдуулах болно.
Зуйван. Европ эмэгтэйчүүдийн нүүрний ерөнхий төрх зуйван хэлбэртэй байдаг. Хамар жижигхэн, навтгар л биш бол тэдэнд бүх төрлийн шил зохино. Гэхдээ хөмсөгнөөс шанааны яс хүрсэн том шил тийм ч оновтой биш. Ийм төрлийн шил нь таныг цох хорхой мэт харагдуулна гээд боддоо. Хэрвээ таны төрх зуйван, арьсны өнгө тань бараан бол цагаан хүрээтэй шил бүү зүү. Энэ төрлийн нүүрний хэлбэртэй бүсгүйчүүд дөрвөлжин шил зүүвэл сайхан харагдана.
Бундан. Нүүрний төрх дугуй боловч эгц урдаас нь ажиглахад бундан хэлбэрийн төрхтэй хүмүүс бий. Мөн үсээ дундуур нь 50/50 хэмжээтэй хуваасан хүмүүс ихэвчлэн бундан хэлбэрийн нүүртэй харагддаг. Энэ хэлбэрийн төрхтэй хүмүүсийн дух нь өргөн, шанаа нь нарийхан, хамар нь жижигхэн байдаг. Тиймээс нүдний шилний хүрээ нь үл мэдэгдэх шил зүүвэл илүү зохино. Том шилнээс мөн л зайлсхийгээрэй.
Дөрвөлжин. Энэ хэлбэрийн төрхтэй бүсгүйчүүд Ойрхи Дорнод болон Австралид элбэг байдаг. Эрүүний яс нь том, яг л эрэгтэй хүнийх шиг. Мөн өргөн духтай хүмүүс энэ ангилалд багтана. Тиймээс та өөрийнхөө төрхийг дөрвөлжин гэдгээ сайн мэддэг бол эрвээхий хэлбэрийн шил болон зуйван хэлбэрийн шил сонгоорой. Өнгөний хувьд хар, бор шаргал байх нь хамгийн зохимжтой. Жүжигчин Дэми Мур, дуучин Селена Комез нарын нүүрний хэлбэр дөрвөлжин. Тэд үргэлж хар өнгийн зуйван шил зүүдэг.
Урт нарийхан. Зуйван хэлбэртэй боловч илүү урт мөртлөө эрүү хавьцаа өргөн хэлбэр. Та иймэрхүү төрхтэй хүмүүсийг Италиас их харж болно. Бүх төрлийн шил зохино. Жишээ нь Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли урт нарийхан нүүртэй.
Гурвалжин буюу “V”. Сүүлийн үед гурвалжин нүүрний хэлбэр гэхээсээ илүү “V” хэлбэрийн гэх нэр томьёо илүү алдаршсан. Та ийм хэлбэрийн нүүр царайг АНУ, Их Британиас илүү их харах болно. Ази бүсгүйчүүдийн хувьд нүүрний хэлбэрээ “V” хэлбэртэй болгохын тулд эрүүгээ хасуулах, жижгэрүүлэх мэс засал ихээр хийлгэх болсон.Хэрвээ таны нүүрний төрх “V” хэлбэрийнх бол та төгс үзэсгэлэнтэй гэсэн үг. “V” хэлбэр нь 2020 оныг хүртэл хүүхнүүдийн хамгийн сайхан нүүрний хэлбэр байх гэнэ. Та ямар ч шил зүүсэн гайхалтай сайхан харагдах бөгөөд жижигхэн мөртлөө дугуй, зуйван шил зүүвэл илүү сайхан харагдах болно. Гэвч “V” хэлбэрийн төрхтэй хүмүүсийн арваас ес нь жижигхэн нүүртэй байдаг учир том буюу өргөн хүрээтэй шил сонгохгүй байхыг зөвлөж байна.
эх сурвалж : emegteichuud.mn