Дүүргийн 3 дугаар прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар 2015 онд хийх ажлынхаа төлөвлөгөөнд “Эрүүгийн нөхцөл байдлын тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурлан тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах арга хэмжээ авах” ажил төлөвлөсний дагуу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна.
Судалгааны дүнгээс үзэхэд Багануур дүүргийн болон харъяалах нутаг дэвсгэрт эрүүгийн хуулийн дээрхи зүйлд заасан 23 гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас 37 хүн хохирч 19 хүн нас барж, 13 хүн хүндэвтэр, 5 хүн хүнд гэмтэж хохирсон нь жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо холбогдох журам, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримталдаггүй, энэ талаархи мэдлэг, сахилга хариуцлага сул, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, явган хүний гарам руу ойртон ирэхдээ хурдаа хасдаггүй, гарцаар гарч яваа явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй, согтуугаар машин жолоодох зэрэг нөхцөл байдал нөлөөлсний гадна стандартын шаардлага хангаагүй эвдрэл гэмтэлтэй зам харгуй, замын тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй, жолооны курсуудын чанаргүй сургалт зэрэг нь гэмт хэргийн тоо өсөх үндсэн шалтгаан болж байна.
Судалгааны дүнг үндэслэн цаашид авах арга хэмжээний талаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, албан тушаалтнуудыг оролцуулан ажил хэргийн уулзалт ярилцлагыг дүүргийн прокурорын газраас санаачлан зохион байгуулжээ.
Зөвлөгөөнөөр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тодорхой ажлуудыг хамтран зохион байгуулах, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон прокурорын газрын хяналтын харъяа Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумдын засаг дарга нартай хамтран тодорхой ажил зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.