Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст өнөөдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн байдлаар 324 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл хүлээж авсан байгаа нь бусад өдрүүдийнхтэй харьцуулахад 3 дахин өссөн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн зүүн талын замд 9 автомашин, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун хойд талын уулзварт 4-5 автомашин 3 удаа, 28 дугаар сургуулийн урд замд 6 автомашин, Гэмтлийн эмнэлгийн урд замд 6 автомашин мөргөлдсөн ослууд гарсан байна.
Өчигдрөөс Монгол орны нийт нутгаар их хэмжээний нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч байгаагийн улмаас авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдан замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч улсын болон орон нутгийн чанартай зарим зам, даваанууд хаагджээ.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Өвөрхангай аймгийн Шартын даваа хаагдсан, зүүн чиглэлд Хэнтий аймаг, Багануур дүүргийн чиглэлийн зам, баруун чиглэлд Архангайн салдаг уулвараас баруун аймгууд руу явах замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.
Үүнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, орох урсгалыг нээлттэй хэвээр байлгах арга хэмжээг авч ажиллаж байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар, маргааш зарим газраар, дөрөвдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орох тул жолооч, замын хөдөлгөөнд оролцогч нар зуны буюу хээ муутай дугуйтай автомашинаар хөдөлгөөнд оролцохгүй байх, замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хоорондын зайгаа барьж явах, хамгаалах бүсээ зүүж хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, Улаанбаатар хотоос гадагш гарахгүй байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.