1992 онд Монгол Улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг тунхаглан шинэ үндсэн хуулийг баталснаар Ардчилсан, эрх чөлөөт нийгмийг байгуулан, хөгжүүлэх замд эргэлт буцалтгүй орсон билээ.
Үндсэн хуульд тунхагласнаар
Монголын ард түмэн бид:
-Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-Төрт ёс, түүх,соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
эх орондоо хүмүүнлэг,иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол УлсынҮндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. хэмээн заасан байдаг.
Тэгвэл бид дээрх зорилгод хүрэхийн тулд хамгийн чухал хамгийн үнэт зүйл юу вэ ? Мэдээж ардчилсан, шударга сонгууль юм. Үүнийг товчоор илэрхийлбэл хуульч Б.Чимид гуайн хэлснээр
“Шударга сонгууль гэдэг шууд ардчилал.
Шууд ардчилал гэдэг бол ард түмний засаг
Ард түмний засаг гэдэг улсаа эзэгнэх ёс юм” гэжээ.
Монгол улсын үндсэн хуулийн гуравдугаар зүйлд зааснаар:
1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгожбайгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
2.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно. Хэмээн заасан бөгөөд энэхүү заалт бол Монголд ардчилал зүй ёсоор хөгжихийн баталгаа болсон юм.
Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг ойлгохдоо.
Иргэн Та өөрийн хүсэл зоригоор
– Төрөө байгуулах
– Хяналт тавьж ажиллуулах
-Итгэлийг тань алдаж хөсөрдүүлвээс сольж өөрчлөх бүрэн эрхтэй.
Таны энэхүү эрхээ хэрэгжүүлэх гол арга зам бол ардчилсан сонгууль мөн. Сонгууль ардчилсан байна гэдэг нь:
-Сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.
-Сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулж болохгүй.
-Сонгууль шууд байх бөгөөд түүнд сонгогч ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө өгнө.
-Сонгогч саналаа нууцаар өгөх бөгөөд саналаа өгөх ийм боломжоор хангагдсан байна.
-Сонгуульд нэр дэвшигчид хуулийн хүрээнд шудрага өрсөлдөнө г.м үнэт зүйлсийг өөртөө агуулсан ардчиллын зарчим юм.
Бидний байгуулсан ардилсан нийгэмд хүн бүхэн нэр дэвшигч бас сонгогч байдаг. Монгол улс ардчилсан нийгмийг сонгож 23 жилийн нүүрийг үзээд байгаа бөгөөд энэ явцад парламентын зургаа, орон нутгийн зургаа, ерөнхийлөгчийн таван удаагийн сонгууль боллоо. Дээрх сонгуулийн явцаас харахад сонгуулийн кампанийн үеэр сонгуулийн сурталчилгааны хэлбэр, арга барил нь хууль зөрчсөн ардчиллын үнэ цэнийг үнэгүйдүүлсэн, ардчилсан сонгуулийн зарчмыг алдагдуулсан сонгуулийн сурталчилгаа, PR-ийг ихээр явуулах боллоо. Энэ нь олон түмнийг төөрөгдүүлэхэд чиглэсэн эрх мэдлийн төлөө шударга бус арга хэрэглэсэн үйлдэл бөгөөд авилгын шинжтэй дараах үйлдлүүдийг ашигласаар байна. Үүнд:
– Бэлэн мөнгө амлах
-Сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах,
-Төрийн алба, албан хаагчдыг ашиглах
-Тэднийг ажил, амьдралаар нь шахах, дарамт үзүүлэх
– Бараа, эд юмс үнэгүй тараах
-Хөнгөлөлттэй үнээр худалдах
-Төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр элдэв төрлийн үйлчилгээ үзүүлэх
-Хүлээн авалт, дайллага цайллага хийх
-Сонгогчдын саналыг будлиантуулах
Эдгээр сонгуулийн сурталчилгаа нь шударга, цэвэр , ардчилсан арга барил биш бөгөөд Монголын ард түмний ядуу, мэдлэг, боловсрол муутай байдлыг ашиглан өөдсийн чинээ бяслагийг хулганы хавханд тавиад алдаг шиг бидэнд өчүүхэн зүйлсийг амлан сонгууль, эрх чөлөө, ардчилал, эх орны баялаг, ирээдүйн баталгаа, өнөөдрийн сайн, сайхан амьдрал, аз жаргалыг минь цөөн хэдэн олигархууд хууран авсаар байна.
Чихэнд чимэгтэй “гоё” амлалтуудаас бэлэн мөнгөний тоон үзүүлэлт хагас өлсгөлөн амьдралтай олон хүний хорхойг хүргэнэ гэдгийг тэд сайн мэдэж буй. Нам эвслийн мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтын зарим нь бүр сэтгэл хөдлөм уран, цэцэн үгээр дүүрэн харагдана. Үнэндээ намуудын амлалтаар Монгол Улс эдийн засгаа зохицуулах болсон. Энэ байдлаараа өнөө жил улсын төсөв нийгмийн халамжид өмнөхөөс илүү бялуурч байна.
Хүний байгалийн үйл явцад хүртэл урамшуулал өгнө. Хүүхдийн мөнгө, гэрлэсний мөнгө, оюутан болсны мөнгө, сар бүрийн 21.000, эрдэнийн хувь, эх орны хишиг гээд л нэг л хишиг, хувь тараасан хүмүүс. Гэвч хамгийн харамсалтай нь дэлхийн түүхэнд хишиг, хувь аваад сайхан амьдарсан, хишиг хувь тараагаад хөгжсөн улс орон алга. Монголын эдийн засгийг зах зээлийн хуулиар биш цөөн хэдэн нам тэдгээрт харъяалагдах хэдхэн улс төрчийн бэлэн амлалтаар зохицуулж байгаа энэ хэлбэр бол Монголыг дэлхийн хамгийн ядуу, өлсгөлөн орон болгоход тун ойрхон байгааг харуулж байна.
Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрөөс:
“Стратегийн ордуудын 50-иас доошгүй хувийн ашиглалтыг ойрын жилүүдэд, түүний дотор Тавантолгой, Оюутолгой, Төмөртэйн ордын ашиглалтыг нэн даруй эхлүүлнэ. Иргэн бүртээ эрдэнийн хувь олгоно. Yнэлэгдэх хэмжээ нь нэг сая төгрөг. Эрдэнийн хувийн хэлбэр нөхцөл, эх үүсвэр, зориулалтыг хувь иргэн, айл өрх, улс орны хөгжил дэвшилд өгөөжтэй байхаар хуульчлан зохицуулна”
МАХН (одоо МАН)-ын мөрийн хөтөлбөрөөс:
“Стратегийн зарим орд газруудыг түшиглэн үндэсний корпораци, групп байгуулах замаар Монголын иргэн бүрийг хувьцаа эзэмшигч болгож, ашгаас нь тогтмол хувь хүртэж байх нөхцөл, арга замыг судалж хэрэгжүүлнэ. Стратегийн томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулж олсон ашгаас иргэн бүрт 1.5 сая төгрөгөөс доошгүй “Эх орны хишиг” хүртээх сан байгуулах тусгай хууль гаргаж хэрэгжүүлнэ” гээд л амлаж байв. Харин амлалт хэрэгжсэнгүй.
Мэдээж улс төрийн нам, улс төрчдөд иргэдийн ядуу, тэнэг байдал таалагддаг. Бидний өлөн зөлмөн байдлыг ашиглан тавьж байгаа өгөөш бүхэнд автдаг байдлаасаа одоо салцгаая. Хулгана хүртэл хавханд тавьсан үнэгүй бяслагт хууртддаг нийгэм өнгөрсөн. Иймд оюун санаат хүмүүн бид бэлэнчлэх сэтгэлгээгээ таягдан хаяж, хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан амьдарцгаая. Хөдөлмөрлөж олсон бүхэн амттай шүүдээ.
Ж.Жамбалдагва