Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба танилцуулав. Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм.
Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа ажээ. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Иймд насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлж, цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх замаар ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцлийг бүрдүүлж, тэтгэврийн орлоготой болгох, тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, энэ жилээс эхлэн Монгол Улсын хүн ам зүйн цоо шинэ нөхцөл байдал үүсч байгаа. Энэ нь тэтгэврийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна. 2015 он бол улс төрийн утгаараа бус харин хүн ам зүйн утгаараа үнэхээр түүхэн томоохон шийдвэр гаргах шаардлагатай жил юм. Иймд тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчилж, ирэх жилүүдэд тэтгэврийн насны хүмүүсийг орлоготой, тэтгэврийн насны хүмүүсийг ядуурлаас урьдчилан сэргийлэх чадвартай улс орон байлгахын тулд энэ асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ.
Ийнхүү “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.