-53 орны төрийн тэргүүнд зориулсан “АСЕМ Виллаж” хотхоныг төрийн тусгай хамгаалалттай газарт барьж эхэлжээ-
Манай улс ирэх онд олон улсын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болох АСЕМ-ийг эх орондоо зохион байгуулах эрхтэй болсон. Монгол Улсын нэр хүндийг дэлхийд таниулах энэхүү чуулга уулзалтад манай улс ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Энэ утгаараа бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 53 орны төрийн тэргүүнийг байрлуулах зочид буудал барих ажлыг эхлүүлээд байна. Ингэхдээ зочид буудал барих газрыг төрийн тусгай хамгаалалттай газар байхаар сонгоод байгаа аж. Тодруулбал, бидний нэрлэдгээр Богд уулын арын зам, “Скай ресорт”-ын баруун талд “АСЕМ виллаж” хотхоныг барьж эхэлжээ. Одоогоор барилгын газар шорооны ажил эхэлсэн бөгөөд машин механизмыг байршуулжээ. Төрийн тэргүүнүүд байрлах зочид буудлыг хоёр давхраас илүү гаргахгүй байх гэнэ. Одоогоор уг хотхоныг ямар компани барьж байгаа талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч олон орны Ерөнхийлөгч нарын тухлах “АСЕМ виллаж” хотхоныг “MCS” групп барьж байгааг эх сурвалж хэлж байна. АСЕМ бол Монголыг дэлхийд сурталчлах маш том боломж учраас энэ зэргийн ач холбогдол өгөх хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Үнэхээр ч энэ уулзалтын ард бүхэл бүтэн улсын нэр хүнд яригдах учраас өндөр ач холбогдол өгөхөөс аргагүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдал, тав тухыг хангах үүднээс ийнхүү шинээр барьж байгаа хотхон эко хаус байх бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа хангадаг, байгаль орчинд ээлтэй байна гэдгийг албаныхан хэлж буй. Ийнхүү шинээр зочид буудал барихаас гадна одоо байгаа зочид буудлуудынхаа цагаан хэрэглэл, дотоод хүчин чадлыг сайжруулах ажлыг ч мөн давхар хийх юм байна. 2016 онд болох чуулга уулзалтын өмнө цувралаар 7-8 арга хэмжээ зохион байгуулна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэлсэн. Нэг удаагийн арга хэмжээнд 400-4000 албаны хүн оролцох бөгөөд хамгийн оргил үедээ буюу “АСЕМ-2016” чуулга уулзалтаар 7000 гаруй албаны төлөөлөгчийг манай улс хүлээж авах тооцоо бий.
эх сурвалж: unen.mn