Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, МАН-ыг АТГ-т өгч буйгаа мэдэгдэв.
Т.Хасбаатар өмнө нь Тусгаар тогтнолын ордонг барихад төсвөөс 11 тэрбум төгрөг гаргасан нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн. Тиймээс татвар төлөгчдийн энэ мөнгийг буцааж авах асуудлаар УИХ болон Засгийн газар шаардлага хүргүүлсэн. Гэвч түүний шаардлагын хариу ирээгүй учраас энэ асуудлаараа АТГ-д хандахаар болсон гэнэ. Цаашлаад тус байрыг МАН түрээсэлж мөнгө олдог. Улс төрийн үйл ажиллагаа явуулдаг нам байж ингэж болохгүй. Тиймээс Тусгаар тогтнолын ордныг Залуусын номын сан болгоё гэсэн уриалгыг тэрбээр гаргаж байна.
Тэрбээр АТГ хүргүүлж буй албан тоотдоо, “Монгол Улсын иргэн Т.Хасбаатар миний бие хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлж, нэгт 2008 оны 7 дугаар сарын нэгний үймээнд МАН төв байраа шатаалган 14.6 тэрбум төгрөгөөр одоогийн Тусгаар тогтнолын ордонг барихдаа төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийн хууль бусаар авсныг эргэн төлүүлэх талаар 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр УИХ, Засгийн газарт хандан АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүний хувиар шаардлага хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй тул АТГ-т албан ёсоор хандаж байна. Хоёрт, Тусгаар тогтнолын ордонг барихад улсын төсвөөс 11 тэрбум төгрөгийг МАН гаргуулж авсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад олон хууль тогтоомжийг зөрчсөн улс төрийн авлигын шинжтэй үйлдэл хэмээн үзэж гомдол гаргаж байгаа тул хуулийн хугацаанд шалган тогтоож өгөхийг хүсье” гэжээ.
эх сурвалж: undesten.mn