2014 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдэж, 1212 хүүхэд өртсөнөөс, 48 хүүхэд нас барж, 1164 хүүхэд гэмтжээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 281 гарсаны, нийт 48 хүүхэд амь насаа алдаж, 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан, үүнээснийслэлийн хэмжээнд 2014 онд нийт 1062 ослоор 1079 хүүхэд осолд өртөж, 10 хүүхэд амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэнээс, 138 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авсан байна.
Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 2013 онд 37 хүүхэд нас барж байсан бол 2014 онд 48 болж 11-ээр буюу 29.7 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 2013 онд 197 байсан бол 233 болж 36-гаар буюу 18,3 хувиар өсчээ.
Нийслэлд хүүхдийн нас баралт 7 байсан бол 10 болж, 42.8 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 116 байсан бол 138 болж, 19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2015 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Үүнээс нийслэлд 3 хүүхэд нас барж, 200 хүүхэд гэмтсэний, 25 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.
Хүүхдүүд ихэвчлэн “Гэр-Сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутад, хичээл тарах, цуглах цагуудад анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, гарцтай, гарамтай газрын гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсгээр явах, утсаар ярих, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, сургууль, цэцэрлэг орчмын зам нь хүүхдийг хөдөлгөөнд аюулгүй оролцуулах нөхцөл бүрдээгүй, эцэг, эх, асран хамгаалагч нар нь хүүхдийнхээ хэрхэн сургууль, цэцэрлэг рүүгээ явдаг болон гэртээ харьдагийг мэддэггүй, бие даалган, харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа ч хөдөлгөөнд аюулгүй оролцох заавар зөвлөгөө өгдөггүй, өөрсдөө зөрчдөг, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг зэрэг нь хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь насаа алдах, гэмтэх нөхцлийг бий болгож байна.
Мөн хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, суудал өндөрсгөгч, суудлын бүс тохируулагчийг хэрэглэж хэвшээгүй нь зам тээврийн ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах, аливаа эрсдэлд орох нөхцлийг бүрдүүлдэг.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн мэдлэг дутмаг, мэдсэн ч зөрчдөг, дүрмээ биелүүлдэггүй, хэнэггүй, хариуцлагагүй, сахилгагүй, соёлгүй үйлдэл нь осол гарахад нөлөөлж байна.
Ялангуяа хавар, зун, намрын улиралд буюу дулааны улиралд хүүхдүүд гадуур зугаалах, дэмий сэлгүүцэх, унадаг дугуй, дугуйт тэшүүрээр замын ойролцоо тоглож яваад зам тээврийн осолд өртөх эрсдэл их байдаг.
Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьчилан сэргийлэхэд дараах ажлуудыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллах нь чухал байна. Үүнд:
– Дүүрэг бүрт хамгийн эрсдэлтэй ерөнхий боловсролын 5 сургуулийн орчныг “Сургуулийн бүс” стандартын дагуу иж бүрэн тохижуулах,
– Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх “Сургуулийн автобус” стандартын шаардлага хангасан хүүхдийн автобусны тоог 2 дахин нэмэгдүүлэх.
– Дүүрэг бүрт сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, зөв дадал багаас нь эзэмшүүлэх, сургах зорилготой “Мини замын хөдөлгөөний хотхон” байгуулах.
– “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулах.
– Хүүхэд зам тээврийн осолд эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтны хараа хяналтад байхдаа өртсөн тохиолдолд тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтанд хариуцлага оногдуулдаг эрх зүйн орчинг бүрдүүлэх.
– Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны гадна болон дотор талд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх хууль, дүрэм, санамж сэрэмжлүүлгийг тогтмол байршуулдаг байх.
– Нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа нийтийн тээврийн хэрэгсэл, такси компаниудын тээврийн хэрэгсэлд хүүхдийг тээвэрлэх зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, хамгаалах бүсний тохируулагч, суудал өндөрсгөгч зэргийг байрлуулж, хүүхдийг зөв, аюулгүй тээвэрлэх нөхцлийг хангах нь чухал байна.
Томчууд бид өөрсдийн ирээдүй болсон үр хүүхдүүдээ хайрлан хамгаалж, зам тээврийн осолд өртүүлэхгүй байхад анхаарч, тэдний төлөө юу хийж чадах вэ гэдгээ бодох цаг нэгэнт болжээ.