УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэйн иргэдтэй хийх уулзалтаа өнгөрсөн баасан гаригт эхлүүллээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 болон 14 – 19 дугаар хороодод ажиллаа. Г.Баярсайхан гишүүн хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилж боловсруулсан хуулийн төсөл, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийлээ. Ирэх 2015 онд Чингэлтэй дүүрэгт гурван цэцэрлэг, нэг сургуулийн спорт цогцолборыг барихаар төсөвт суулгасан байна.
Иргэдтэй хийх уулзалтын үеэр гол хөндөгдсөн асуудал нь цалин тэтгэвэрийг нэмэх, зам талбай сайжруулах асуудлыг иргэд тавив. Цалин тэтгэврийг Засгийн газар нэмсэн ч хангалттай хэмжээнд биш, цаашид төрөөс бололцоотой хэмжээгээр нэмэх шаардлага байна гэдгийг иргэд хэлж байлаа. “Ноён” уулын орчимд “Гацуурт”-ын ордыг ашиглах асуудлыг Засгийн газраас оруулж ирсэнтэй холбоотойгоор иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Г.Баярсайхан гишүүний хувьд Ноён уулын орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хатуу эсэргүүцэж байгаа. Түүнчлэн тэрээр Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүдийн хамт санаачилсан талаараа иргэдэд дуулгалаа.
Иргэд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа талаар санал солилцсон юм. Иргэд “Ноён уулын орчимд алт ухах, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Хүннүгийн үеийн булш бунхан, эд өлгийн зүйл хадгалагдаж буй. Иймд Ноён уулын орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг Ноён уулыг хамгаалж үлдэх, Тавантолгой, Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахыг иргэд сонгогчдын зүгээс дайлаа. Уулзалт энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4, 5, 6 дугаар хороо болон 7 – 13 дугаар хороодод үргэлжилнэ.