Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч дээрх сумдын нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын 2015.04.04-ний өдрийн А/138 дугаар захирамжаар Үенч сумын Хөх-Үзүүр багийн нутагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулж хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн аж.
Хорио цээр болон хязгаарлалтын дэглэмийг сахиулах ажиллагаанд нийт 173 хүн 26 цэгт ажиллаж буй юм байна. Булган, Үенч, Алтай сумын нийт 312665 малыг 1 дүгээр ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 100 хувь хамруулжээ. Мөн 2 дугаар ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 386769 малыг хамруулахаас 2015.04.12-ны өдрийн байдлаар Булган сумын 104960, Үенч сумын 69701, Алтай сумын 34977, нийт 209638 мал буюу 54.2 хувийг хамруулаад байгаа аж.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь тогтоогдсон тул дүүргийн Засаг даргын 2015.04.02-ны өдрийн захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тус дүүргийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу тухайн аж ахуйн 691 гахайг 100 хувь устгасан. Хорио цээрийн дэглэмийг сахиулах ажиллагаанд нийт 21 хүн 2 цэгт ажиллаж буй юм байна.]
эх сурвалж: zaluu.com