Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Төв аймагт ажиллалаа

02928228c582d94d10dea12d9e1ac48cУлаанбаатар болон Төв аймгийн нутаг дэвсгэрт эдийн засаг, нийгэм, хот төлөвлөлт, экологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох замаар хүн амын хэт төвлөрлийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсгийг Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан юм.

Иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох, шинэ суурьшлын бүсэд эдийн засгийн дэд бүтцийг бий болгоход шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах зэрэг ажлыг хийх энэхүү Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ахалж буй.

Ажлын хэсэг энэ хугацаанд нэлээд олон удаа хуралдсан бөгөөд энэ удаад Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн суманд ажиллаж нутгийн иргэдтэй уулзаж санал солилцлоо. Мөн Хөшигийн хөндий дэх Нисэх буудлын ажлын явцтай танилцсан юм.

Иргэдийн уулзалтын үеэр тус аймагт өрнөх бүтээн байгуулалтын талаар танилцуулж, хэлэлцүүлэг хийлээ.

Төв аймаг, Улаанбаатарт дэд бүтцийн томоохон ажлууд хийнэ. Богд уулыг тойрсон хурдны тойрог зам, Алтанбулаг Замын-Үүдийг холбосон хурдны зам, Богдхан төмөр зам, шинэ нисэх буудал зэрэг бүтээн байгуулалтын том төсөл хийгдэх гэж байна.

Эдгээр төслүүд өмнө нь өөр хоорондоо уялдаагүй байсан учраас тус тусад нь зураглал хийсэн. Тиймээс нэгтгэхэд ажлын давхардал их гарч ирсэн. Төсөл болгон өөрийнхөө эдийн засгийн үр ашгийг тооцсон байсан учраас нийт улс орны эдийн засагт нөлөөлөх нийгэм эдийн засгийн үнэлгээ, эзэмшилд авах газрын тооцоо судалгаа харьцангуй бага хийгдсэн байсан. Монголд анх удаа нисэх онгоц, галт тэрэг, хурдны тойрог зам, авто зам бүхий тээвэр ложистикийн төв байгуулагдах гэж байна.

Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан манай ажлын хэсэг эдгээр  төслийг нэгтгэх, уялдуулах нэгдсэн маршрут гаргах, энэ маршрутад үндэслэн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зэрэг ажлыг судалж ажиллаж байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэлж байлаа.

Ажлын хэсэгт Төв аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд багтсан, идэвхтэй ажиллаж байгаа. Эдгээр гишүүд болон нутгийн иргэдийн саналыг харгалзан Хөшигийн хөндийгөөр дайрч байгаа хурдны зам болон төмөр замыг Зуунмод, Сэргэлэн сумын төв, Багахангай, Баян сумаар дайран өнгөрөх бололцоог хангах нь зүйтэй гэж үзжээ.

Ажлын хэсгийн энэ саналыг Зуунмод, Сэргэлэн сумын иргэд дэмжиж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

Энэ зураглал нь эдгээр төслийг эдийн засгийн өртгийн хувьд нэмэгдүүлж буй ч удаан хугацааны туршид бий болох нийгэм, эдийн засгийн хувьд зөв сонголт болно гэж ажлын хэсгийн гишүүд үзэж байна.

Энэ хүрээнд Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах учиртай. Тодорхой хэмжээний газруудыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна. Эдгээр ажлуудтай холбоотой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж ойрын хугацаанд шийдвэр гарна гэж Монгол Улсын сайд С.Баярцогт хэлж байлаа.

Иргэдийн уулзалтын дараагаар ажлын хэсгийнхэн Хөшигийн хөндийд баригдаж буй Нисэх буудлын барилгын ажлын явцтай танилцлаа.

Бүтээн байгуулалтын ажил 29 хувьтай байна. Энэ жил 66 хувьд хүргэх учиртай. 2017 оны нэгдүгэр сард барилгын ажил дуусна гэж төслийнхөн танилцуулж байлаа.

Нисэх буудалд 2016 оны зургадугаар сард, АСЕМ-ийн хурлын өмнө онгоц хөөрөх, буух боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллахыг С.Баярцогт сайд санал болгосон бөгөөд ийм боломж байгаа гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …