Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад 2015 оны 04 дүгээр сард гарсан хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөмж өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авах ажлын хэсгийг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар ажиллах бөгөөд ХХААЯ, Сангийн яам, ЦЕГ, МХЕГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр зүүн аймгуудыг зорьсон бөгөөд гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шуурхай удирдлагаар ханган ажиллана.
Мөн хээрийн түймрийн улмаас хорогдсон малын тоо толгойг тодорхойлох, малчид, иргэдийн эд хөрөнгө болон байгаль экологит учирсан хохирдыг тогтоох, хор уршгийг арилгах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах, түймрийн шалтгаан, эзэн холбогдогчдыг тогтоох ажлыг эрчимжүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг газар дээр нь шуурхай зохион байгуулахыг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх ажлын хэсэгт үүрэг болгоод сумдад гарсан ой, хээрийн түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох зорилгоор Улсын нөөцөөс орон гэргүй болсон 22 айл өрхөд гэр олгох асуудлыг энэ үеэр шийдвэрлэлээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225.273 га ой, хээрийн бүс шатсан. Энэ хугацаанд гарсан 71 түймрийн 35 буюу тал хувь нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан байна. Дорнод аймагт 17 удаа, Хэнтий аймагт 8 удаа, Сүхбаатар аймагт 10 удаа тус тус гараад байна.
Дээрхи гарсан ой, хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 1,3% өссөн үзүүлэлттэй байна.
Томоохон түймрээс дурьдвал:
2015.04.13-ний өдөр Хэнтий аймгийн Баян овоо сумын 1-р багаас баруун зүгт 30 км зайтай “Яруу” гэдэг газар гарсан хээрийн түймэр дэлгэрч Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамарч уг түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн ОБГ-аас 34 албан хаагч, 4 автомашинтай, Сүхбаатар аймгийн төвөөс болон Түмэнцогт, Мөнххаан сумдаас 201 иргэн, 22 автомашинтай, Хэнтий аймгийн ОБГ-аас 47 албан хаагч, 4 автомашинтай Баян-Овоо сумаас 165 хүн, 14 автомашинтай, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан овоо сумдаас 72 хүн, 8 техниктэйгээр унтраахаар ажиллаж байна.
Түймрийн нөхцөл байдал хүндэрсэн зүүн 3 аймагт ажиллаж байсан Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин техниктэй нийт Онцгой байдлын албанаас 141 албан хаагч, 13 автомашинтай ажиллаж байна. Дээрх түймрийг унтраахаар нийтдээ 579 хүн, 57 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Тухайн түймрийг унтраах нэмэлт дуудлагаар НОБГ-аас 12 албан хаагч, 1 автомашин, Говьсүмбэр аймгийн ОБГ-аас 12 албан хаагч, 1 автомашин, Дорноговь аймгийн ОБГ-аас 12 албан хаагч, 1 автомашинтай нэмэлтээр гарч түймрийн голомтонд хүрэлцэн очсон.
2015.04.13-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын Дайчин Тамсаг ХХК-ний 19 талбайд хээрийн түймэр гарч улмаар тархан дэлгэрч Халхгол сумын нутгыг хамарч уг түймэрт ОБА-аас 38 албан хаагч, 4 автомашин, орон нутгаас 141 иргэн, 15 автомашинтай, Дачин тамсаг ХХК-аас 60 хүн, 10 автомашин, Хилийн цэргээс 79 албан хаагч, 10 автомашинтай, нийт 309 хүн, 40 автомашин техниктэйгээр унтраахаар ажиллаж байна.
2015.04.13-ний өдөр тус аймгийн Баян-Агт сумын Хайлааст 3-р багаас хойд зүгт 60 км зайтай гарсан хээрийн түймэрт Булган аймгийн ОБГ-аас албан хаагчид гарсан.
Тухайн түймэр нь Хөвсгөл аймгийн Тариалан сум, Булган аймгийн Хутаг-Өндөр, Баян-Агт сумдын нутгийн хил залгаа тархан дэлгэрсэн. Түймрийг унтраахаар Булган, Хөвсгөл аймгийн ОБГ-аас 48 албан хаагч, 4 автомашинтай, Булган аймгийн Хутаг-Өндөр, Баян-Агт сум, Хөвсгөл аймгийн Тариалан сумаас нийт 108 иргэн, 9 автомашинтай, нийт 156 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.