Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болон түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Харин өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэнтийн аймгийн Баян-Адрага, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Баян-Агт суманд гарсан 6 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дээрхи түймрүүдийг цурманд оруулсан бөгөөд салхины хурд их байгаа нь түймрийг унтраахад хүндрэл учруулж байна. Түймрүүдийн голомтод Онцгой байдлын алба, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт 1760 гаруй хүн, 600 гаруй орчим техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна.
Салхины хурд 10-20 м/с хүрч байгаа нь түймэр цуравнаас дахин алдагдах, дэгдэх эрсдэлтэй байгааг Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү хэлж байна. Мөн тэрээр, хаврын улирал дөнгөж эхэлж байна, цаана нь 5,6 дугаар сар байна. Цаг уурын байгууллагаас өгч байгаа урьдчилан мэдээллээр дээрхи нутгуудад хур тунадас, бороо орохгүй, салхины хурд сэргэж нэмэгдэх төлөвтэй байгаа тул нийт ард иргэддээ ил задгай гал гаргахгүй байх, анхаарал болгоомжтой байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг сайтар унтраах, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд амь нас, гэр орон, эд хогшлоо авран хамгаалах мэдлэгтэй байх ёстой гэдгийг анхаарууллаа.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн зүгээс Гамшгаас хамгаалах тухай хуульд заагдсан үүрэг хариуцлагаа ухамсарлан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэдэд эрчимтэй сурталчилж, туслалцаа үзүүлэхийг уриаллаа.
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гарсан хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөмж өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авах зорилгоор дээрхи аймгуудад ажлын хэсэг ажиллаад ирлээ.
Ажлын хэсгийн ахлагч Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар: “Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар батлагдсан ажлын хэсэг түймрийн голомт бүхий аймгуудад ажиллаад ирлээ. Түймрийн голомттой нутагт өвсний ургац ихтэй, салхины хурд 10-20 м/с байна. Асч байгаа түймэр холоос, шороон шуурга мэт, хуйларсан, галын түйрэн гэж хэлж болохоор онцлогтой харагдаж байна. Урьдчилсан байдлаар 40 гаруй айл өрх түймэрт өртөн орон гэрээ алдсан, 3000 гаруй мал хорогдсон тооцоотой байна. Байгаль, экологид үнэлж баршгүй хохирол учирч байна. Ялангуяа Дорнод аймгийн Баян-Уул гэх мэт байгалийн үзэсгэлэнт газар орон, ховордсон ан амьтан түймэрт өртөж, устаж байгаа нь үнэхээр нүд хальтрам, харамсалтай. Гарсан түймрүүд ОХУ-аас орж ирсэн 4, 5 түймрээс бусад нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж гарсан гэдгийг хатуу анхааруулмаар байна. Улсын онцгой комиссыг хуралдуулж, Засгийн газарт асуудлыг танилцуулахаар бэлтгэж байна. Түймрийн голомтод хүн, хүч олон хоног ажилласан. Аймгуудын нөөц хөрөнгө дууссан байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанд шаардлагатай техник хэрэгсэл, шатахуун, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна” гэж мэдээллээ.
ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян: “Түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид болон ард иргэдэд туслалцаа үзүүлэх хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага Онцгой байдлын байгууллагад олноороо хандаж байгаад талархлаа илэрхийлэхийг хүсч байна. “Талх чихэр” ХХК, “Мах импекс” ХХК, “Баянгол зочид буудал” ХК, “Милл хаус”ХХК, “Хатансүйх Импекс” ХХК, “Далай ээж”, “Зоргол хайрхан” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагын хамт олон өөрсдийн үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүн, цалингаа хандивлаж, тусламжийн цувааг орон нутагт гаргаад байна. Мөн “Скайтел” ХХК түймрийн голомтод ажиллаж буй тус компанийн хэрэглэгч 300 гаруй албан хаагчдад зориулан урамшуулал олгосныг дуулгахад таатай байна” гэж хэллээ.