Хууль бус мөрийтэй тоглоомыг Монголын томчууд хэрхэн тоглодог тухай эрэн сурвалжлах чиглэлээр бичигдсэн материалыг томоохонд тооцогддог хэвлэлийн хуудаснаас нэгэн цагт уншиж байснаа саналаа. Хэдийгээр уг материалын ихэнх үг өгүүлбэр бүдэгшсэн байвч Ерөнхий сайд гэхчилэн томчууд тэр тоглоомонд оролцдогоор үл барам бүгд өөрийг нь илэрхийлэх тоон нэртэй, бас тэдний хажууд “нүд хайрлагч” гэх сайхан охид сууж байдаг тухай ганц нэг зүйл санаанд тод үлджээ.
…Эдийн засгийн чамгүй үр өгөөж авчирна. Жуулчдыг татаж валютын урсгалын наашлуулдаг гэсэн ганцхан гоё санаа казино байгуулах хуулийг санаачлахад хүргэж… хуулийг хэлэлцэж байна.
Казиногийн Монголтой холбоотой түүхийг сөхвөл 1998 онд анхлан казиногийн хууль баталсан ч түүнтэй холбоотой авилгын хэрэг илэрч тухайн үеийн болоод одоогийн төр захиргааныхнаас “аавын хаалга” татаж байв. Үүний дараа 2007 онд “Хязгаарлагдмал казиногийн тухай хууль”-ийг өргөн барьж байсан бол энэ удаад УИХ-ын энэ хаврын чуулганаар казиногийн тухай хуулийг хэлэлцүүлж эхэллээ.
Хуулийн хэлэлцүүлэгт оролцсон гишүүд уг асуудлаар үндсэндээ хоёр хуваагдсан байдалтай байна. Дэмжиж буй хэсэг нь эдийн засгийн үр нөлөөг тооцох хэрэгтэй гэж үзэж буй бол хууль бус мөнгөний хэргээс эхлээд “нүд хайрлагч”-дын асуудал хүртэл тооцоолох ёстойг хэлж байгаа юм.
Жирийн иргэдийн дундах казиногийн тухай ойлголт миний санаж мартсан дээрх түүх шиг бүдүүн тойм. Зугаа цэнгэлийн таатай орчин, улаан уруулын будагтай гоё эгч, аз л таарахад баяжиж болох ганц хором…киноноос харсан дүрслэмж.
Буруу бодол байж мэднэ. Гэхдээ хүн төрөлхтөн амар хялбарт татагдахдаа түргэн. Түүн дотроо сайн мууг ялгаад байгаа мэт байвч салгаж төдий холдоогүй сониуч, төлөвшөөгүй нийгэм Монголынх. Үүнтэй холбоотой хуулийн зарим тайлбар ч үнэмшилтэй бус. Хэлэлцэгдэж буй уг хуулинд Монгол Улсын иргэн тэрхүү казинод тоглож болохгүй гэсэн заалт оруулахаар яригдаж байна. Гэтэл казинотой байх ёстой гэсэн тайлбарт олон Монгол хүн ил далдаар тоглож мөнгөө гадагш нь урсгаж байгааг авч үлдэх хэрэгтэй гэв. Ойлгох, ойлгуулах зүйл их байна.
Казиногийн хуулийг батлах гэж яарах учир юу вэ? Нийгмийнхээ сэтгэл зүйг эдгээх илааршуулах, дархлаажуулахад вакцин болох олон олон хууль “хүлээлгийн танхим”-д очероо хүлээж байна.
Гэр бүлээ төгөлдөржүүлэх, хүний эрхийг чандлан хамгаалах, хүүхдийн хүчирхийллийн эсрэг зэрэг нийгмээ бат найдвартай төлөвшүүлэх алхмуудыг хийх, хуулиар баталгаажуулах ажлууд ойрын хугацааны нэн тэргүүний зорилго болох ёстой. Дээр хэлсэн санаанд дүйх хуулийн төслүүдийг санаачлах, эхэлснийг үргэлжлүүлж “ажил” болгох учиртай. Тэр болтол казиногийн байгууламж, мөрийтэй тоглодог тоглоом ах нарын л мэддэг цэнгэл хэвээр үлдвэл зүгээр ч юм шиг…
Н.Баярмаа
Undesten.mn