ОБЕГ-ын даргын гаргасан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга тушаал гаргаж, ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 327, 338 дугаар ангийн цэргийн алба хаагчид оролцож байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн “Баруун тариа” бригадын чиглэлд Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас 115 хүн, 6 нэгж техниктэй, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 1 дүгээр бүлэг Дорнод аймгийн Баян-Уул сумын чиглэлд 96 хүн, 7 нэгж техниктэй, 2 дугаар бүлэг мөн аймгийн Эрээнцав, Чулуун хороот, Дашбалбар сумын чиглэлд 94 хүн, 6 нэгж техниктэйгээр нийт 305 офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч, ажилчин албан хаагчид 19 нэгж техниктэйгээр гал түймрийн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Цаашлаад Зэвсэгт хүчний 303, 337 дугаар ангийн 4 нэгж нисдэг тэрэг тусгай захиалгат нислэг үйлдэхэд бэлэн байгаа юм байна. Хурандаа Т.Энхтөрөөр ахлуулсан Холбооны шуурхай бүлэг энэ сарын 18-ны өглөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 9 дүгээр багийн нутагт хүрэлцэн очиход, Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас томилогдсон, дэд хурандаа Гантөмөрийн ахалсан бүлэг 20 гаруй километр өргөн газрыг хамарсан түймрийг цурманд оруулж, 4 бүлэг эргүүл хийж байжээ.
Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар сумдын чиглэлд томилогдсон түймэр унтраах бүлгүүдэд тус ангийн шуурхай бүлгийн “Р-142Н” команд штабын машин 2 иж бүрдлийг томилгоожуулан давтамжийг өгч, харилцан ажиллагааг тасралтгүй хангаж байна. Дашрамд тэмдэглэхэд, ЗХЖШ, ОБЕГ-ын даргын 2009 оны хамтарсан тушаалаар батлагдсан “Гамшгийн үед Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах чиглэл” баримт бичгийн дагуу Зэвсэгт хүчний анги, байгууллагаас төрөлжүүлэн томилгоожуулсан бүлэг, нэгж техникүүдийг үүрэг гүйцэтгүүлэх боломжтой гэж үзэж байна.
Энэ сарын 20-ны өглөө Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга Доржтой холбогдож, түймрийн нөхцөл байдлыг тодруулахад, тэрээр түймрийн талаар товч мэдээ өгч, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархаж буйгаа давхар илэрхийлсэн юм.
Эх сурвалж: www.dorgio.mn