Би эх орондоо хайртай, эх орондоо хайртай болохоор, эх орныхоо төлөө, эх орон минь хэмээн уулга алдагсад уул уурхай, элдэв төсөл хөтөлбөр, томоохон бүтээн байгуулалт хийх үеэр дуу дуугаа аван орилолдож, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлдэг. Эх орон минь хэмээн тэд цээжээ дэлдэж, эх орноо аминаасаа илүү хайрлагсад мэт. Эх орныхоо төлөө уйлж чаддаг, жагсч чаддаг, тэмцэж бас чаддаг ч юм шиг. Харин эх орон нь шатаж, түймэрт хуйхлагдаж, галд өртөж байхад эх орончдын дуу хоолой сонсогдохгүй.
Гишгэх газар нь, тэнүүн тал нутаг нь, ургаж байгаа модод, модонд үүрлэх шувууд, талд бэлчих зээр, тариан талбай, хүн, малтайгаа шатаж, тэнгэрт утаа суунаглаж, хээр талд гал дүрэлзэж байхад эх орончид хаашаа ч юм бэ бүгд алга болчихож. Тэд зүсээ, сэтгэлээ бас үгээ ч нуучихав.