Төрийн өмчийн хорооны ээлжит томилгоог эсэргүүцэж, “Монгол шуудан”-гийнхан 11 дэх өдрөө суулт зарлаж байна. Тэд “Монгол шуудан” компанийн захирал Ц.Батсайханыг хууль бусаар халах шийдвэрийг гаргаж, оронд нь мэргэжлийн бус хүнийг томилохоор зэхэж байна хэмээн үзэж байгаа юм. Шууданчид Төрийн өмчийн хорооны шийдвэрийг удаа дараа эсэргүүцсэн ч одоо болтол тодорхой шийдвэрт хүрч чадаагүй учир энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн хоёрдугаар шүүхэд ханджээ.
Мөн өчигдөр өглөөний 07.00-9.00 цагийн хооронд Чингисийн талбайд эсэргүүцлээ илэрхийлж, тайван жагсаал хийлээ. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ, компанийн ТУЗ-д хууль бус томилгоогоо зогсоож, шууданчдад ээлтэйгээр асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардсан бичгийг хүргүүлжээ. Мөн шууданчид Төрийн өмчийн хороонд дээрх шийдвэрийг эргэн харах шаардлагыг хүргүүлсэн байна. Хэрэв Төрийн өмчийн хороо, ЗГХЭГ энэхүү шийдвэрээ эргэн харахгүй, тодорхой шийдэлд хүрэхгүй бол “Монгол шуудан”-гийн ажилчид Төрийн өмчийн хорооны байрны урд өлсгөлөн зарлаж, суулт хийхээ мэдэгдсэн юм.
эх сурвалж: everyday.mn