Өнгөрсөн жилийн зургаадугаар сард монгол эмэгтэйг автомашинтай нь шатааж амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ. Увс аймгийн Улаангом хотод орос барааны дэлгүүр ажиллуулдаг 40 орчим насны эмэгтэй ОХУ-ын Тува хот руу яваад ор сураггүй алга болсон бөгөөд түүнийг шунахайн сэдэлтэйгээр, гадны нөлөөтэйгээр шатааж амь насыг нь хохироосон болохыг тус улсын цагдаагийн байгууллагаас тогтоосон байдаг.
Тэгвэл халдлагад өртөн, бусдын гарт амь насаа алдсан болох нь тогтоогдсон атал энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож, хавтаст хэргийг хаахаар болсон талаар тус улсын цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.Гадаад харилцааны яамныхан энэ хэргийн мөрдлөгийг цааш үргэлжүүлэх талаар ярьж байгаа ч хэргийн холбогдогч тодорхойгүй болохоор хэргийг түдгэлзүүлсэн гэсэн хариу ирүүлжээ.
Хэргийн талаар хохирогчийн ээж нь “Тагнуулын алба, эрэн сурвалжлах алба, цагдаагийн байгууллага гэсэн гурван тусдаа групп тус тусдаа хавтаст хэрэг нээгээд ажиллаж байна. Хэргийн 70-80 хувь нь илэрч байгаа гэсэн. Гэтэл тэрнээс хойш сураг байдаггүй. Утсаар мэдээлэл өгөхгүй гэдэг. Консулаараа дамжуулаад мэдээлэл авах гэхээр Ерөнхий консул “Сураггүй байна” гэдгээс өөрийг хэлдэггүй. Уг нь мөрдөн байцаагч нь Кызылд байгаа шүү дээ.
Нэг дор байгаа хүмүүс тодорхой хэмжээнд мэдээлэл солилцох боломжтой. Тэгээд ч тэнд байгаа консул Монгол Улсын төрийг төлөөлж, иргэдээ хамгаалах үүрэг хүлээсэн байх учиртай. Гэтэл хүнийхээ төлөө ерөөсөө ажиллахгүй юм. Тувагийн хилээр хулгайлагдсан малын араас олон арга хэмжээ зохион байгуулдаг. Гэтэл хүнийхээ араас хөөцөлдөхгүй байгаад гомдолтой байна” хэмээн Өдрийн сонинд ярилцлага өгч байжээ.
эх сурвалж: chuhal.com