Монголд анх удаа Шри Шригийн бясалгагчид сэтгэлзүйн бодит туслалцаа үзүүлж, түймрийн гамшигт өртсөн Зүүн аймгуудын малчдад туслахаар болсон байна. Гамшиг ослын дараа эдийн засгийн хүндрэлээс гарч болно. Харин сэтгэл санааны хямралаас хүмүүс төдийлөн хурдан гарч чаддаггүй байна. Тиймээс ч сэтгэлийн гүн хямралаас үүдсэн гай зовлон, гамшиг осол нүүрлэсээр байдаг билээ. Сэтгэлийн амар амгаланд хүрэх бясалгалыг Монголдоо анхлан эхлүүлсэн “Амьдрах ухаан” төвийн багш нар түймэрт өртсөн малчдад туслахаар шийджээ. Бясалгагчид гэдэг баялаг бүтээгчдийн нэгэн адил эдийн засгийн үйлдвэрлэл эрхэлдэггүй ч, сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх чадвартай байдаг. Тэд тун удахгүй хүний сэтгэлийг зөв чиглүүлэх, малчдын сэтгэл санааны хямралыг засах бясалгалын хичээлээ Зүүн аймгуудад үнэ төлбөргүй хийхээр болжээ. Мөн тэдэнд сэтгэлийн дэм хайрлахаар Шри Шри “Амьдрах ухаан” төвийн багш нар “Хайрын ерөөл” бясалгалын цуглааныг Монгол бөхийн өргөөнд 2015 оны 05-р сарын 06-ны өдөр зохион байгуулахаар болсон байна. Бясалгалын цуглаанаас олсон бүх орлогоо түймэрт өртсөн малчдад 100 хувь хандивлах юм. Цуглааны гол зорилго нь хүн байгалийн шүтэлцээ, байгаль эхээ хайрлах хүмүүний зөв хандлагыг бий болгоход оршиж байна. Малчдад зориулсан сэтгэлийн өргөл аяныг санаачлагч “Шри Шри” Бясалгалын төвийн багш Д.Гантөгс:
–“ Хүмүүн бидний болгоомжгүй үйлдлээс болж байгаль эх маань түймэрт өртөн сүйрч байна. Зөвхөн энэ он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүний нэг тод жишээ нь Зүүн аймгуудад гарсан түймрийн гамшиг. Эдийн засгийн туслалцаа хүнд энэ цагт хэрэгтэй ч, сэтгэлийн тусламж түүнээс ч илүү хэрэгтэй байна. Газар нутгаа, гэр орноо, амьжиргааны гол эх үүсвэр болсон мал ахуйгаа түймэрт алдсан нутгийн иргэдийн сэтгэл санааны хохиролыг юугаар ч нөхөж боломгүй юм. Тиймээс ч бид анх удаа Зүүн аймгуудын малчид, иргэдийнхээ сэтгэл санааг өргөх, хүн байгальдаа уусан шингэж, хайрлан амьдрах ухааныг хүргэхээр шийдлээ. Бидний аяны бүх орлого 100 хувь Зүүн аймгуудад түймрийн гамшгийн улмаас малгүй болсон малчдыг малжуулахад зориулагдах юм. Сэтгэлийн өргөл багадахгүй ээ. Манай бясгалын багш нар тун идвэхитэй оролцож байгаа.” гэлээ.