Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлд Германы “GIZ Nexus” төсөлтэй хамтран ажиллаж байна. “Nexus” төсөл нь төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшний байгууллагуудыг оролцуулан бодит загвар төслүүдийг хэрэгжүүлэх замаар хот байгуулалтыг цогцоор нь шийдэхийг зорьж байгаа юм. Тиймээс хамтын ажиллагааныхаа хүрээнд Улаанбаатар хотод инженер хангамжийн чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн холбоод, банк санхүүгийн байгууллагад ажилладаг 60 гаруй төлөөлөгчдийг оролцуулсан үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Зөвлөмжид инженер хангамжийн чиглэлээр ажилладаг төр засгийн болон хот, орон нутгийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог дээшлүүлэх, цэвэрлэх байгууламжаас гарах бохир усыг хэрхэн ашиглах, хаяхыг шийдвэрлэх, бохир усыг татан зайлуулах вакум технологийг туршин нэвтрүүлэх, шинэлэг, инновацийн шинжтэй техник, технологийг нэвтрүүлэх ажлыг дэмжих чиглэлээр тендерийн үйл ажиллагааг боловсронгуй болгох санал гаргасан. Мөн гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн асуудлыг онцгойлон авч үзэх цаг болсныг дурьдаад төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдэл үгүйлэгдэж байгаад анхаарах хэрэгтэйг зөвлөлөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.