Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны хороо, түүний дэргэдэх Турк, Монголын Бизнесийн зөвлөл болон Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ хамтран Монгол, Туркийн бизнес уулзалтыг Истанбул хотноо 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулав.
Тус бизнес уулзалтыг Турк, Монголын Бизнесийн зөвлөлийн дарга К.Кололу, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Батхишиг нар нээж үг хэлэв.
Дэлхийн Кадастрын их хуралд оролцож буй Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тус уулзалт дээр Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын талаар танилцуулга хийв.
Туркийн Барилгын холбооны ЕНБД-ын орлогч, хатагтай Сидем Чынар, Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны хорооны Техникийн зөвлөгөө өгөх газрын дарга Демир Инөзү нар Туркийн барилгын салбарын хөгжил, гадаад хамтын ажиллагааны талаар мөн мэдээлэл хийв.
Дараа нь Туркийн бизнес эрхлэгчид Монголын барилгын болон бусад салбарт хөрөнгө оруулах нөхцөл боломж, хөнгөлөлт, урамшууллын талаар сайд Д.Цогтбаатараас олон асуулт асууж, хариулт авав.
Бизнес уулзалтад Туркийн 26, Монголын 10 бизнес эрхлэгч болон Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир нар оролцов.