Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг долоо хоног бүрийн лхагва гаригт “Шийдлийн цаг” уулзалт зохион байгуулж, улс орны хэмжээнд тулгарсан асуудлыг шийдвэрлэдэг. Анхны “Шийдлийн цаг” уулзалтаар яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах үүргийг өгч байсан. Өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-аар энэ үүрэг хэрхэн хэрэгжиж буй явц болон үр дүнтэй нь танилцаж, улам эрчимжүүлэхийг Төрийн өмчийн хорооны удирдлагуудад даалгалаа.
Улаанбаатарт улсын мөнгөөр том жийп унахыг зогсоох нь зөвхөн тоон хэмнэлт төдий зүйл биш ёс зүйн асуудал юм. Хувийн том компаниуд өдөр бүр том жийп унадаггүй шиг төрийн байгууллагын удирдлагууд ийм байдлаар хандах учиртай гэж Ерөнхий сайд хэллээ.
Ингэхдээ том машинуудыг лацдаж хураагаад зогсоох, зарж борлуулах зорилго тавиагүй. Хэрэггүй газраас нь авч хэрэгтэй газарт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулъя. Бэрхийг туулахаар бүтээсэн машины ажил үүрэг, хэрэгцээ шаардлага хаана байна тэнд нь шилжүүлэх учиртай гэж гэлээ.
Одоогийн байдлаар нийт 68 машин хурааж төвлөрүүлснээс 50 нь том оврынх, 18 нь суудлын тэрэг байна. Машин нэн шаардлагатай байгаа Хил хамгаалах ерөнхий газар, түүний харъяа хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад 40 машин хуваарилж, Улсын Ерөнхий прокурорын газрын орон нутгийн салбар зэрэг байгууллагад балансаас балансад шилжүүлэх санал боловсруулаад байна гэж Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго хэллээ.
Төрийн өмчийн хорооноос автомашин төвлөрүүлэх тухай мэдэгдэл авсан зарим яам, агентлагууд өнөөдрийг хүртэл машинаа хураалгаагүй байна. Ийм 80 машин байна. Ингэхдээ Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны онцлогийг харгалзан том оврын машинуудыг нь хураагаагүй гэдгийг тэрээр тэмдэглэлээ.
Засгийн газрын автобааз 400 машины гарааш барьсан. Тиймээс орон нутгийн үйлчилгээний автомашиныг тэнд төвлөрүүлж, төсөвт байгууллагуудын гараашийг дуудлагаар худалдаж, төсөвт орлого төвлөрүүлэхээр ажиллаж байна гэж ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго хэлж байлаа.
Том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашины өдрийн дундаж зардал 112 мянган төгрөг, жилд 30-35 сая төгрөг байдаг. Машин хэрэгцээтэй байгууллагууд 50 жийп, суудлын 18 автомашиныг зах зээлийн ханшаар худалдаж авах, эдгээрийн ашиглалтын нэг жилийн зардалд нийт 15 тэрбум төгрөг хэмнэх тооцоо байна. 2015 онд төсөвт байгууллагууд нэг ч автомашин худалдаж авахгүй байх, ашиглалтын зардлаа хэмнэх замаар төсвийн ачааллыг бууруулах боломж байгааг харуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.