Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Өглөөний хүн клуб нь 2009 онд анх МУИС-ийн дотуур байранд эртэч оюутан залуусын санаачилгаар байгуулагдаж байжээ.Тэгвэл энэ өдөр тус клубын зургаан жилийн ойн баяр тохиож, салбар клубын идэвхитэн дэмжигч гишүүд өглөөний 06:00 цагт чуулж ойн баяраа тэмдэглэлээ.
Ойн хүрээнд “Өглөөний хүн” клуб үйл ажиллагаагаа явуулж буй оюутны дотуур байрны ойролцоох гудамж талбайд мод тарихаар бэлтгэж байгаа бөгөөд маргааш өглөө салбар клубуудынхээ гишүүдтэй хамт аялал хийхээр төлөвлөөд байна.
Өглөөний хүн клуб нь энэ 6 жилийн хугацаанд олон нийтийг хамарсан сайн үйлсийн аянд идэвхитэй нэгдэж, нийгмийн зорилтот бүлэгт туслахад чиглэсэн олон хөтөлбөрт арга хэмжээг зохион явуулсаар ирсэн юм. Тодруулбал асрамжийн газрын хүүхдүүдэд зориулан сэтгэлийн дэм өгөх төрөл бүрийн лекц сургалт, Эртэч Монгол хүн болсноор ямар давуу талыг эзэмшиж болох талаар зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэлээ. Мөн Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх зорилготой үйлсэд нэгдэн ажиллажээ.
Одоогийн байдлаар салбар клубын 300 гишүүдтэй бөгөөд үүний 100 гаруй нь идэвхтэн гишүүд байгаа юм. Цаашдаа 21 аймаг , 330 суманд Өглөөний хүн клубын салбарыг байгуулахаар төлөвлөж байгаа ба Монгол хүнийг эртэч болгоход залуусыг уриалан ажиллахыг гол зорилгоо болгон ажиллаж байна.