Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.27/ Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занбазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан “Номын их хүрээг нээсэн нь Сарьдгийн хийдийн судалгаа” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээлтийн ёслолын үеэр УИХ-ын дарга З.Энхболдыг тус арга хэмжээнд оролцож буйд талархал илэрхийлээд, энэхүү үзэсгэлэнг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгааг тэмдэглэн хэлсэн юм.
Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазар 1654 онд Хан Хэнтий нурууны салбар Хийдийн сарьдаг ууланд Номын их хүрээг байгуулж эхэлжээ. Бүтээн байгуулалтын ажил 30 гаруй жил үргэлжилж 1686 онд дууссан ч 1688 онд Халх, Ойрадын дайны хөлд үрэгдсэн хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Номын их хүрээний туурийг ХХ зуунд архелогийн өвд бүртгэсэн бөгөөд хоёр жилийн өмнө анхны үндэсний экспедици малтлага хийж эхэлсэн байна. Сарьдагийн хийдэд хийсэн 2 жилийн малтлага судалгааны явцад язгуурын таван бурхад болон асар том хэмжээтэй бурхадын шавар баримлын үлдсэн хэсэг, тал хэвэнд цутгасан бурхадын шавар дүр, уран нарийн хийцтэй барилгын чимэглэл, ялтсан хуяг, дуулга, илд, цахиур буу, цагаан шаазан цом, тахил шүншигийн холбогдолтой алт, мөнгө, эрдэнийн чулуун эдлэл гээд нийтдээ 1300 гаруй олдвор олжээ.
Эдгээр олдворуудаас дээжлэн дэлгэсэн 100 гаруй эд зүйлс бүхий “Номын их хүрээг нээсэн нь Сарьдгийн хийдийн судалгаа” тусгай үзэсгэлэнг УИХ-ын дарга З.Энхболд үзэж, сонирхлоо.
Тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад хүмүүс, эрдэмтэн судлаачид, бурхны шашны төлөөлөгчид оролцов.