“ЗГМ” сонины “Хоймор”-т энэ удаа “МАСС” агентлагийн ТУЗ-ийн дарга, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр уригдлаа.
-Танай төслийн талаар хүмүүс сайн мэддэг болжээ. Энэ хугацаанд хэдэн аймгаар явж, олон баялаг бүтээгчийг сурталчилсан уу?
-Өнгөрсөн хугацаанд бид Монгол Улсынхаа 21 аймаг, 20 гаруй сумаар явахдаа 18579 км замыг туулж, эх орныхоо эдийн засгийн тулгуур болсон баялаг бүтээгчдээ дэмжлээ. Энэ хугацаанд ажилч хичээнгүй, хөдөлмөрч, баялаг бүтээгч иргэдтэй уулзаж ярилцан , тэдний үйл хэргийг олон нийтэд үнэ төлбөргүй сурталчилаад байна.
-Эдийн засаг хүнд байгаа энэ үед зөвхөн төрд найдах биш, хувийн хэвшлийн компани бие даан орон даяар “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл эхлүүлжээ. Үнэхээр монголчуудын хүсэн хүлээж байсан төслийн нэг гэж бодож байна?
-Баярлалаа. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг нэг сайхан үг бий. Эдийн засаг хүнд байгаа энэ үед төр засгаа муулаад суух бус, харин хямралыг боломж гэж харан сөрж гарах ёстой. Ингэхийн тулд дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ ажиллаж, нэг нэгнээ дэмжих учиртай. Гаднынхан монголчуудын төлөө, эдийн засгийг өөд нь татахын төлөө сэтгэлээ чилээхгүй. Тиймээс бид бие биенээ дэмжиж чадвал эх орны эдийн засаг хүчирхэгжинэ. Өнгөрсөн онд эдийн засаг хямарснаас аж ахуйн нэгж, байгууллагууд хаалгаа барьж, зарим нь хэдэн зуугаар нь ажилчдаа цомхотгосон. Энэ бол монголчуудын хувьд том гарз. Хүнээ халж, хаалгаа барьснаар эдийн засаг улам дордохоос сайжрахгүй. Ийм үед яах ёстой вэ. Импортоор ихэнх бараа бүтээгдэхүүнээ авдаг манайхтай адил зах зээлтэй улс орныг судаллаа. Тэд яаж хүндрэлийг даван туулсан болохыг судалсан, жишээ ч олон байна. Тэдгээр орнууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хөл дээрээ тогтсон байдаг юм. Тиймээс бид энэ ажлыг эхлүүлэх болсон. Бид Монголд үйл ажиллагаа явуулдаг ямар жижиг, дунд үйлдвэрлэгчид байна вэ гэдгийг судалж эхэлсэн. Үнэ төлбөргүй сурталчилах ажлаа эхлүүлэх, хамтарч ажиллах хүсэлтээ олон аж ахуйн нэгжид хүсэлт илгээж байлаа. Харамсалтай нь, энэ ажлыг ойлгон, санхүүгийн дэмжлэг үзүүлэх газар олдоогүй ч бид энэ ажлаа орхиогүй. Тиймээс “Масс” агентлаг өөрсдийн хүч бололцоо, нөөцөө шавхан “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхээр шийдсэн нь энэ. Өнөөдөр бид баялаг бүтээгчдийн эрхэлж байгаа ажил, явуулж байгаа үйлдвэрлэл, шинэ санаа, шилдэг технологийг олон нийтэд ETV, MASS телевиз, FM 99.7 радио, mass.mn сайт, Facebook хуудсанд 320 мянган дэмжигчтэй Mass official пэйж зэрэг сошиал мэдээллийн өргөн сүлжээгээр сурталчилан хүргэж байна. “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрөөрөө хувь нэмрээ оруулсаар байх болно. Мөн төр,баялаг бүтээгчид, олон нийт гурвыг холбож өгөх гүүр нь энэ төсөл болох юм.
-Та бүхний өрнүүлж байгаа энэ ажил олон нийтээс багагүй дэмжлэг авч байгаа нь харагдаж байгаа?
-Баялаг бүтээгчид маань талархалтай хандаж байгаа. Тэрчлэн олон нийт бидний өрнүүлж буй ажлыг маш сайн дэмжиж, мэддэг болсон. Цахим сүлжээ болох твиттер, фэйсбүүк гэх мэт олон нийтийн цахим сүлжээнд хандаж байгаа хэрэглэгчдийн сэтгэгдлээс бидний ажлын тодорхойлолтыг харж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагын нэг гол давуу тал бол олон нийтийн санаа бодолд нөлөөлж байгаа явдал юм. Харин бид үүнийг зөв зүйлд ашиглах ёстой. Монголчууд нэг санаатай хөдөлбөл баялаг бүтээгчдийн орлого нэмэгдэж, ажил нь урагштай байх болно. Энэ их урам, дэмжлэгийг дагаад баялаг бүтээгчдийн маань бүтээгдэхүүний чанар сайжирна, үнэ хямдарна. Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага монгол хүн бүрт бий болж. Энэхүү хандлагыг цааш дэлгэрүүлэхэд бид “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрөөрөө хувь нэмрээ оруулсаар байх болно. Мөн төр,баялаг бүтээгчид, олон нийт гурвыг холбож өгөх гүүр нь энэ төсөл болох юм.
-Яагаад орон нутгаас энэ ажил эхэлсэн юм бэ?
-Ажлаа эхлүүлсэн даруй орон нутгаас их хүсэлт ирсэн юм. Интернэт буюу цахим сүлжээгээр төслийн ажил өргөн хүрээг хамарч эхэлсэн. Баялаг бүтээгчдийн зургийг нь фэйсбүүкээр гаргаад эхлэнгүүт тухайн нутгийн хүмүүс сэтгэгдэл бичиж, лайк, шэйр хийснээр улам өргөжсөн. Ингээд нутаг нутгаас жижиг дунд үйлдвэрлэлээ бусдад таниулах санал олноороо ирсэн юм..
-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хэрэгжээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ төсөл хэрэгжсэнээс хойш ямар ахиц дэвшил гараад байна вэ?
– Жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчид маань зах зээл дээр өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг сурталчилах боломж хомс байдаг. Тиймээс бид өөрсдийн хийж чадах зүйл болох сурталчилгааг нэг удаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчилахаар болсон. Ингээд сурталчилгааг олон нийтэд хүргэхэд олон нийтийн сүлжээг түлхүү ашигласан. Үүгээрээ зөвхөн Монголд гэлтгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд мэдээллийг нэгэн зэрэг авч байгаагаараа давуу юм.