Авлигатай тэмцэх газрын нийт ажилтан, албан хаагчид ой, хээрийн түймэрт өртөж хохирсон Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн ард олонд сэтгэлийн дэм өгөх, эд материалын тусламж үзүүлэх, түймрийн голомтод ажиллаж байгаа нутгийн иргэд, онцгой албаны бие бүрэлдэхүүнд туслах зорилгоор нэг өдрийн цалингаа хандивлалаа.
Хандивыг Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянд өнөөдөр хүлээлгэн өгөв. З.Баасанням “Байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж манай орны зүүн аймгуудад гарсан түймэрт өртөж нэрвэгдсэн орон нутаг, ард олон, малчид болон гал унтраах ажилд оролцож байгаа нутгийн иргэд, танай албаны бие бүрэлдэхүүнд туслах, сэтгэл санааны дэм үзүүлэхээр манай хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж байна. Бидний сэтгэлийн дэмжлэг нь очих ёстой газартаа шуурхай хүрч ой, хээрийн түймрийг бүрэн унтраах, гал түймрээс урьдчилан сэргийлэх ажилд тус нэмэр болоосой гэж хүсч байна” гэлээ. Ой, хээрийн түймрийн хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа хүн бүхэнд сэтгэлийн нэмэр хандив үзүүлж байгаад Онцгой байдлын албаны удирдлага талархлаа илэрхийлэв.
Сүүлийн үед нийгмийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан Б.Чинтэнгис хүүгийн эмчилгээнд хандив өргөхийг хүссэн аян өрнөөд байгаа билээ. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид өөрсдөө санаачлан халуун усанд түлэгдсэн 1 нас 3 сартай Б.Чинтэнгис хүүгийн эмчилгээний зардалд 1.5 сая төгрөгийн хандивыг цалингаасаа цуглуулсан юм. Хандивыг хүүгийн нагац эгч Б.Долгоржавд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хүлээлгэн өгч, эмчилгээгээ сайтар хийлгээд хурдан эдгэрэхийг хүсэн ерөөлөө.