“Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” Төрийн ордны Их танхимд эхэллээ. Уг форумын санаачлагчаар Монголын Сайтын Холбоо, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл ажиллаж байгаа юм. Форумыг нээж үндсэн илтгэлийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид тавьсан юм. Тэрбээр өөрийн илтгэлдээ мэргэжлийн ёс зүй нийгмийн хариуцлага бол бидний туг байх ёстой гэдгийг онцолж байлаа. Мөн сэтгүүл зүйн салбарын соёлд хувь хүний хүмүүжил төлөвшил ихээхэн чухал байдаг гээд өнөөгийн сэтгүүл зүйд шинэ үнэт зүйл, шинэ стандарт хэрэгтэй байна гэдгийг онцолсон юм.
“Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” эхэллээ
Харин үүний дараах үндсэн илтгэлийг МОСАХ-ны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр тавьсан бөгөөд тэрбээр Отгонтэнгэр их сургууль дээр энэ жил сэтгүүл зүйн шинэ анги нээгдэх гэж байгаа талаар дурдсан юм. Мөн цахим сэтгүүлчид бие биенийхээ бэлтгэсэн мэдээллийг илүү их хүндэтгэдэг байх ёстой гэдгийг хэлж байлаа.
“Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” салбар илтгэлүүдээр үргэлжилж байна. Яг одоо “Цахим хэвлэл мэдээллийн эрхзүйн орчин” сэдвээр “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Мөнхбүрэн илтгэл тавьж байна.
Форумд оролцогч талууд цахим сэтгүүл зүйн асуудлаар өөр хоорондоо байр сууриа илэрхийлэн, мэдлэг мэдээллээ солилцож, санал бодлоо хуваалцан, форумын төгсгөлд энэ салбарын асуудлуудын хүрээнд тодорхой ойлголцолд хүрч “Улаанбаатарын цахим тунхаг”-ыг батлан гаргах юм.
Дашрамд дурдахад, уг форумыг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтан Монголын Сайтын Холбооноос санаачлан зохион байгуулж буй билээ.