“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг угтан Монголын Сайтын Холбооноос санаачлан зохион байгуулж буй “Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” Төрийн ордонд үргэлжлэн явагдаж байна.
Форумд оролцогчид Цахим сэтгүүл зүйн асуудлаар өөр хоорондоо байр сууриа илэрхийлэн, мэдлэг мэдээллээ солилцож, санал бодлоо хуваалцан, форумын төгсгөлд энэ салбарын асуудлуудын хүрээнд тодорхой ойлголцолд хүрч “Улаанбаатарын цахим тунхаг”-ийг батлан гаргах юм.
Энэ үеэр форумд оролцож буй зарим төлөөлөгчидтэй уулзлаа.
Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр:
-Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум энэ салбарын хамгийн том бодлогыг тодорхойлох боломжийг бидэнд олгож байна. Бид өнөөдрийн форумаар Улаанбаатарын цахим тунхагийг гаргахыг зорьж байгаа. Энэ тунхагт сайтын редакци яаж ажиллах ёстой, сайтын сэтгүүлч ямар ёс зүйтэй байх ёстой, оюуны өмч, зохиогчийн эрхийг сайтын сэтгүүлчид яаж сахин биелүүлэх ёстой, мөн Монголын сайтын холбоо нийгмийн өмнө болон гишүүдийнхээ өмнө ямар үүрэг хариуцлага хүлээх юм зэрэг олон асуудлыг тусгана. Дээрээс нь Монголын цахим сэтгүүлч гэдэг мэргэжлийн кодыг албан ёсоор бий болгох, Монголын цахим сэтгүүлч гэдэг анхны мэргэжлийн ангийн элсэлтийг өнөөдрөөс эхлэн авч байгаа гэдгийг мөн дуулгамаар байна. Нөгөө талаас энэ форумд бид зөвхөн цахим орчны сэтгүүлч болон сайтууд гэхээс гадна бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд, мөн цахим зах зээл болоод сэтгүүл зүйн салбарт хамааралтай төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамт оролцуулж байгаа. Энд өнөөдөр 800 хүн цугларсан байна. Тэгэхээр энэ цугларсан олон хүнээс зөв оновчтой сайхан шийдвэр гарч Монголын цахим сэтгүүл зүй цоо шинэ шатанд гарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүн, News агентлагийн дэд захирал Д.Нарантуяа:
-Өнөөдрийн энэ нэгдсэн арга хэмжээ зохиогдож байгаад би их баяртай байгаа. Ялангуяа энэ салбарын ирээдүйг авч явах залуучууд их олон ирсэн байна. Энэ салбар бол мэргэжлийн байх ёстой. Одоогийн байгаа энэ түвшин хангалтгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ чиглэл рүү ажиллах гээд санаа оноогоо нийлүүлээд сууж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Сэтгүүүл зүйг зохицуулсан хууль эрх зүйн орчинг манай сэтгүүлч нар нэг их хүсээд байх хэрэггүй юм. Яагаад гэвэл сэтгүүл зүй бол бие даасан дөрөв дэх засаглал. Энэ бол өөрийн зохицуулалтаар явж байх ёстой. Үүний нэг жишээ бол манай хэсэг сэтгүүлчид хамтраад хэвлэлийн ёсзүйн зөвлөл байгуулсан байна лээ. Энэ нөхөд маань эхлээд санаачилгынхаа хүрээнд Сэтгүүл зүйн зөвлөл байгуулъя гэдэгт нь санал нийлэхгүй байна гэдгээ би тухайн үедээ хэлж байсан юм. Манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан бол бие даасан, хараат бус, барагтай л бол нэг зүйлд нэгдэж ордоггүй ийм онцлогтой салбар. Тийм учраас сэтгүүлчдийн хүлээн зөвшөөрдөг тийм байгууллагын түшиглэж байгуулах юм бол Ёс зүйн зөвлөл нь өрөө хүлээн зөвшөөрөгдсөн, үнэ цэнэтэй байгууллага байх юм. Тийм учраас 60 жилийн түүхтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэргэд Хэвлэлийн зөвлөлийг байгуулах юм бол нийт сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага болно. Ингэсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой асуудал шүүх цагдаагийн түвшинд хүрэхгүйгээр мэргэжлийн байгууллагын түвшинд харилцан зохицуулагдаад явах боломжтой.
МТШХХГ-ын дарга Ц.Жадамба:
-Цахим орчин дахь хэвлэл мэдээлэл дотор сайт гэдэг зүйл бол сонинтой адил тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Одоо Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас хүртээмжийн тухай асуудлыг ярьж байна. Тэгэхээр интернэт 3G нэмэгдэж улмаар сайт уншдаг, үздэг буюу цахим сэтгүүл зүйн хэрэглэгчийн тоо нэмэгдэх тусам хэрэглэгчдийн төхөөрөмжийн асуудал гарч ирж байгаа юм. Интернэт байна, тэгэхээр үүнийг хэрэглэх ухаалаг гар утас, таблетыг хэрэглэх асуудлыг бодлого болгож гаргах хэрэгтэй болж байна гэсэн үг. Бид цаашдаа хэрэглэгчдийг яаж хямд, чанархай, ухаалаг төхөөрөмжүүдээр хангах вэ гэдэгт анхаарлаа хандуулна.
“Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” салбар илтгэлүүдээр үргэлжилж байна.