УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан 60 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. МАН-ын дарга сэтгүүлчидтэй өглөөний цай хамт уунгаа Монгол улсад хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаад буй асуудлуудаар харилцан ярилцаж, санал солилцсон юм. МАН-ын дарга М.Энхболд өглөөний цайн дээр “Сэтгүүлчид нийгмийг эмчилж, бусдын төлөө дуугарч яваад өөрсдийнхөө нийгмийн асуудлыг орхигдуулдаг санагддаг. Сэтгүүлчдэд ажлаа сайн хийхэд хангалттай цалин хөлс, тав тухтай орон байр зайлшгүй хэрэгтэй. Бид энэ талаар судалж үзнэ. МАН болон МАН-ын УИХ дахь бүлэг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбартай холбоотой аливаа хууль тогтоомжийг хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллах болно” гэсэн нь сэтгүүлчдийг М.Энхболд даргатай илэн далангүй ярилцаж зовлон жаргалаа хуваалцахад хүргэсэн. “Монголын мэдээ” сонины удирдлагууд тус сонины газарт үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулж, эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтнууд редакци, сэтгүүлчийг шүүхэд өгөөд зогсохгүй зуу зуун саяар мөнгө нэхэмжилдэг болсон нь хэрээс хэтэрч байгааг онцгойлон дурдав. Мөн сэтгүүлчийг өмгөөлдөг мэргэжсэн өмгөөлөгч учир дутагдалтай байгааг ч санууллаа. Залуу сэтгүүлчдийн хувьд орон сууцны зээлд хамрагдах боломжгүй, банкны зүгээс тавьдаг шалгуурууд нь хагас сая төгрөг хүрэхтэй үгүйтэй цалинтай тэдний хувьд давшгүй даваа байдаг бөгөөд үүнийг нааштайгаар шийдэх арга зам, гарц эрэлхийлэхийг МАН-ын даргаас хүсч байлаа. Энэ үеэр сэтгүүлчид төр засгаас сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч байсан түүх бараг үгүй. МАН засаг барьж байхдаа сэтгүүлчдэд 8 хувийн зээлд хамрагдах орон сууцны квот өгч байснаас өөр дорвитой зүйл хийгээгүйг ч дурдсан юм. Уулзалтанд МАН-ын дарга УИХ-ын дарга М.Энхболдоос гадна тус намын генсек Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, ХМОНХХ-ийн дарга Г. Ганбаяр нарын хүмүүс оролцжээ.
эх сурвалж: http://www.ontslokh.mn/66282.html