Харвардын Их Сургуульд суралцаж буй Монгол оюутнууд нэгдэж, Харвардын 6 сургууль болон Массачусетсийн Технологийн Их Сургуулийн дунд «Өнөөгийн Монголын Боломж ба Сорилт» сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Монгол улсыг сурталчилсан арга хэмжээ анх удаа зохион байгуулагдаж байгаа нь онцлог байсан бөгөөд Times of London сэтгvvлээс зарладаг дэлхийн 50 удирдагч эмэгтэйн нэгээр шалгарч байсан алдарт профессор Rosabeth Moss Kanter зэрэг 10 гаруй профессор, судлаачид ач холбогдол өгч хүрэлцэн ирлээ.
Зочин илтгэгчээр Харвардын Бизнес сургуулийн 2007 оны төгсөгч Хас банкны захирал Х. Амартүвшин уригдан оролцож өнөөгийн Монгол орны эдийн засгийн хөгжил, боломжийн талаар илтгэл тавьсан бөгөөд хүрэлцэн ирсэн орон орны 120 гаруй оюутан залууст Монголын нийгмийн улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Түүнчлэн энэхүү уулзалтанд Америкт ажиллаж амьдарч буй Монголчуудын төлөөлөл Бостон, Нью Уорк, Вашингтон, Сан Франциско хотуудаас хүрэлцэн ирсэн. Тус арга хэмжээг морин хуурын татлагаар эхлэсэн нь орон орны оюутнуудад ихэд таалагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Royal Ocean, Hogan Lovells Mongolia, PwC Mongolia, Global Managers Society, Global Management Institute зэрэг Монгол байгууллагууд ивээн тэтгэгчээр оролцсонд талархаж байна.
Энэхvv өдөрлөг нь зөвхөн Монгол орныг сурталчилсан анхны арга хэмжээ болсон төдийгүй Харвардын Их Сургуульд Монгол оюутнуудын чадавхи, эв нэгдэл, хамтын ажиллагааг харуулж чадсанаараа туйлын ач холбогдолтой бөгөөд цаашид олон чиглэлээр хамтран ажиллах суурь энэ жил тавигдаж байгаа юм.
2015 оны 6 сарын 24-30 ны хооронд Азийн удирдлагын чуулга уулзалт Монгол улсад болох бөгөөд 40 оюутан 10 сургагч багш оролцохоор төлөвлөж байна хэмээн НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудаст бичжээ.