Монголд анх удаа Шри Шригийн бясалгагчид сэтгэлзүйн бодит туслалцаа үзүүлж, түймрийн гамшигт өртсөн зүүн аймгуудын малчдад туслахаар боллоо. Гамшиг ослын дараа эдийн засгийн хүндрэлээс гарч болдог. Харин сэтгэл санааны хямралаас хүмүүс төдийлөн хурдан гарч чаддаггүй байна. Сэтгэлийн амар амгаланд хүрэх бясалгалыг Монголд анхлан эхлүүлсэн “Амьдрах ухаан” төвийн багш нар түймэрт өртсөн малчдад туслана. Бясалгагчид, баялаг бүтээгчдийн нэгэн адил эдийн засгийн үйлдвэрлэл эрхэлдэггүй ч, сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх чадвартай байдаг. Тун удахгүй малчдын сэтгэл санааны хямралыг засах бясалгалын хичээлээ зүүн аймгуудад үнэ төлбөргүй хийх юм. Мөн тэдэнд сэтгэлийн дэм хайрлахаар Шри Шри “Амьдрах ухаан” төвийн багш нар “Хайрын өглөг”нэртэй хандивын бясалгалыг Соёлын төв өргөөнд 5-р сарын 10-ны 13:00 цагт зохион байгуулахаар боллоо. Бясалгалын цуглаанаас олсон бүх орлогоо түймэрт өртсөн малчдад хандивлах юм. Малчдад зориулсан сэтгэлийн өргөл аяныг санаачлагч “Шри Шри” бясалгалын төвийн багш Д.Гантөгс хэлэхдээ, “Хүмүүн бидний болгоомжгүй үйлдлээс болж байгаль эх маань түймэрт өртөн сүйрч байна. Зөвхөн энэ он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүний нэг тод жишээ нь зүүн аймгуудад гарсан түймрийн гамшиг. Эдийн засгийн туслалцаа энэ цагт хэрэгтэй ч, сэтгэлийн тусламж түүнээс ч илүү хэрэгтэй. Газар нутгаа, гэр орноо, амьжиргааны гол эх үүсвэр болсон мал ахуйгаа түймэрт алдсан нутгийн иргэдийн сэтгэл санааны хохирлыг юугаар ч нөхөж боломгүй. Тиймээс бид малчид, иргэдийнхээ сэтгэл санааг өргөх, хүн байгальдаа уусан шингэж, хайрлан амьдрах ухааныг хүргэхээр шийдсэн юм” гэв. Гамшиг ослын дараах сэтгэл засал Монголд байдаггүй. Гамшгийн үед ажиллаж байгаа Онцгойнхон, гамшигт өртсөр иргэд сэтгэл санааны хүнд байдалд ордог. Бясалганы багш Д.Гантөгс өмнө нь Энэтхэг болон бусад орнуудад гамшгийн үеийн дараа сэтгэл заслын эмчилгээ, бясалгал хийлгэж байсан. Харин энэ удаад түймэрт өртсөн аймгуудын малчид, иргэдэд анх удаа гамшгийн дараах сэтгэл заслыг хийнэ.
