Дайны жилүүдийн алдартай гэрэл зургуудаас

2015050702
Рейхстагийн оройд мандсан ялалтын туг

Берлинийг эзэлсэн Зөвлөлтийн улаан армийн аугаа их ялалтыг магтан алдаршуулах зорилгоор гэрэл зурагчин Евгений Халдейг Москвагаас Берлин рүү яаравчлан илгээв. Халдей Берлинд ирмэгцээ Зөвлөлтийн цэргүүдийн эзэлсэн Рейхстагийн орой дээрээс зураг авахаар шийдсэн байна. Энэ туг Рейхстаг дээр мандсан хоёр дахь туг ажээ. 1945 оны 4 дүгээр сарын 30-нд Зөвлөлтийн хэсэг дайчид ялалтын тугаа мандуулсан боловч маргааш нь нэгэн герман цэрэг буулгаж дөнгөсөн байдаг. Харин 5 дугаар сарын 2-нд Халдей дээрх зургаа авсан юм. Дэлхийн II дайнд ялсны билэг тэмдэг болсон дээрх зургийг хальснаа буулгахын өмнө өтгөн хар утаа нэмж авсан түүхтэй. Зургийн түүх үүгээр дуусахгүй. Халдейгийн өгүүлснээр “Москвад ирсний оройхон ТАСС-ын редактор Пальгунов зургийг үзчихсэн байв. Би өрөөнд нь ортол надад миний авсан зургийг үзүүлэн “Энэ юу вэ?” гэж асуухад нь “Рейхстагийн орой дээрх туг л байна” гэв. “Энэ цэрэг хоёр бугуйндаа цаг зүүчихсэн байгааг анзаарсангүй юу? Зүүн, баруун аль алиндаа” гэхэд нь “Анзаарсангүй ээ. Берлинийг нөмөрсөн, Рейхстагийн орой дээрх тугийг л гагц анзаарлаа” гэлээ. Тэгтэл “Тийм бий. За ямартаа ч, энэ бол нэг муу тонуулчнаас өөрцгүй харагдаж байна. Жинхэнэ зөвлөлт цэрэг юм хумслах учиргүй. Үүнийг хурдан янзлаатах” гэж үүрэгдлээ. “За яахав, хүссэнээр чинь хийе. Одоохон арилгаадхая” гэж би хэлж билээ. Ингээд сүлбээр зүүгээр баруун бугуйнд нь байсан цагийг хусчихсан” хэмээжээ.

2015050703
Комбатат

Цэргүүдээ уриалан дуудаж давшилтад орж байгаа энэ зураг Эх орны дайны үеийн хамгийн алдартай зургийн нэг. Улс төрийн удирдагч дайчдаа давшилтад уриалан боссоноос хэдхэн секундын дараа амь үрэгдсэн. Харин гэрэл зурагчин Макс Альперт тэр богинохон агшинг ийнхүү хальснаа буулгажээ. Тэрээр уг зургаа “Комбат” буюу батальоны захирагч гэж нэрлэсэн нь сонин түүхтэй. Гэрэл зурагчин эл зургийг дарсан ч төд удалгүй сумны хэлтэрхий аппаратыг нь гэмтээчихэж. Тэгээд авсан зураг маань нэгэнт гарахаас өнгөрлөө гэж бодоод тухайн цэргийнхээ нэр, албан тушаалыг ч асууж амжсангүй. Гэтэл очоод хальсаа угаатал гэрэл зураг тодоос тод гарсан байх нь тэр.
Хожим нь зураг дэлхий дахинаа алдаршиж, “Комбат” зургийн баатрын нэр тодорхой болжээ. Тэр нь 1906 онд төрсөн Алексей Гордеевич Еременко байлаа. Энэ зураг дээр гарсан залуухан дарга ердөө хэдхэн секундын дараа амиа алдсан ч энэ зургаараа дайн дуустал улс төрийн удирдагчийнхаа үүргийг гүйцэтгэж олон сая цэргүүдэд эх орноо хамгаалах урам зориг өгч чадсан юм. Зургийг 1941 оны 7 дугаар сарын 12-нд Украины Луганск мужийн Славяносербскийн районд Лугань болон Лозовая голын хооронд болсон тулалдааны үеэр авчээ.

2015050704
Павловын байшин

1942 оны 9 дүгээр сарын сүүлээр фашистууд С т а л и н г р а д хотын Лениний өргөн чөлөөнд байрлах 4 давхар тоосгон байшин руу дайралтаа эхлүүлсэн байна. Улаан арми энэ байшинг хамгаалах тушаалыг Яков П а в л о в о о р удирдуулсан 13 дугаар буудлагын дивизэд өгсөн юм. Нэгэнт тушаал өгөгдсөн учир тэд хойш ухрах ямар ч эрхгүй байлаа. 1942 оны 9 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 25-ныг хүртэл нийт 58 өдрийн турш буюу Улаан арми Сталинградын сөрөг давшилтыг эхлүүлэх хүртэл тэд энэ байшинг хамгаалан байлдсан юм. Хожим Василий Жуков “Фашистууд Павловын байшинг булаан авахын тулд Парист алдсанаас илүүг алдсан” хэмээн хошигнож байжээ. Уг байшин түүхэнд “Павловын байшин” гэх нэрээр мөнхөрсөн юм.

2015050705
Монгольский арат

Энэхүү зураг дээр “Ла-5” нисэх онгоцны нисгэгч, дэслэгч Александр Иванович Майоров зогсож байна. Тэрээр Монголын ард түмний хөрөнгөөр бүтээгдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийн нисгэгч байсан юм. Тэрээр энэ онгоцоор 300 гаруй нислэг амжилттай үйлдэж, 44 агаарын тулаанд оролцож байсан түүхтэй. Түүний эр зоригийг үнэлж 1941 онд ЗХУ-ын баатар, Ленины одон болон БНМАУ-ын Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

2015050706
Отстоим Москву!

“Бидэнд ухрах газар алга. Ард маань Москва байна” гэх алдартай үгийг Москвагийн тулалдаанд орж байсан А.Кунавин гэгч цэрэг хэлж байсан бөгөөд тэрээр баатарлаг гавьяа байгуулж ЗХУ-ын баатар цолоор шагнуулжээ.
Түүний хэлсэн үгээр ЗХУ-ын уран бүтээлчид болох Н.Шуков, В.К.Симинович нар 1941 оны намар тус ухуулгын зурагт хуудсыг гаргажээ. ЗХУ-ын ард түмэн Эх орны дайны хүнд жилүүдэд Германы түрэмгийлэгчдийн эсрэг ямар ч үнээр хамаагүй, тууштай тэмцэхэд энэ зурагт хуудас их нөлөө үзүүлсэн гэж үздэг. Зурагт ЗХУ-ын өндөр нуруулаг цэрэг тэнгэр өөд ширтэн зүүн гараа дээш өргөн эх орноо хамгаалахыг уриалсан байдаг. Олон мянган эрчүүдийн эх оронч сэтгэлгээг өндөрт өргөж чадсан тус зураг үндэсний баатарлаг шинж чанарыг нарийн тусгаж, харуулсан уран бүтээл гэж үнэлэгддэг ажээ.

Эх сурвалж “Соёмбо” сонин

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …