Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Баянзүрх дүүргийн хөгжилд оюутны оролцоо” сэдэвт анхдугаар зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр, Баянзүрх дүүргийн Оюутны холбооны дарга Т.Даваадорж болон оюутан залуусын төлөөлөл болсон 500 манлайлагч оюутан оролцсон юм.
“Баянзүрх дүүргийн хөгжилд оюутны оролцоо” анхдугаар зөвлөгөөнийг үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд явуулсан бөгөөд Баянзүрхийн хөгжил ба оюутан сэдвээр Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр, Боловсол ба оюутан сэдвээр “Шихихутаг” дээд сургуулийн хуулийн багш Т.Амарсанаа нар илтгэл тавьсан. Харин Хөдөлмөр эрхлэлт ба оюутан сэдвээр Монголын оюутны холбооны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Э.Батжаргал, Эрүүл мэнд ба оюутан сэдвээр Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа нар хүрэлцэн ирсэн оюутнуудад илтгэл тавилаа.
Мөн зөвлөгөөнд оролцогч нар дээрх сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьсан бөгөөд Гадаад хэлний “Гэгээ коллеж”-ын оюутан Э. Батцэцэг, Батлан хамгаалахын их сургуулин оюутан Г.Мэндсайхан, “Оточ манрамба” дээд сургуулийн оюутан А.Бүжинлхам, Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан А.Хонгор нар шилдгээр шалгарсан юм.
Баянзүрх дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан тус зөвлөгөөн нь нийгмийн салбар бүрт оюутан сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэн шийдвэр гаргах төвшинд оюутнуудын дуу хоолой, үзэл бодлыг хүргэх уриалга гарган дүүргийн хөгжилд оролцоог нэмэгдүүлэх зорилготой байв.