Усанд сэлж, дугуй унах нь судас бүдүүрэх өвчнөөс сэргийлдэг

imagesХөлийн судас бүдүүрэх өвчнийг бид ихэнхдээ зогсч ажилладаг хүмүүст элбэг тохиолддог гэж боддог. Учир нь зогсож ажиллах үед хөлөнд хуралдах цусны хэмжээ 300 мл-ээр нэмэгддэг гэдэг болохоор тэр.

Гэтэл энэ өвчин эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог байх нь. Шалтгаан нь жирэмснээс сэргийлэх дааврын бэлдмэл болон жирэмсэн үеийн дааврын өөрчлөлттэй холбоотой гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна. Энэ талаар Улсын клиникийн төв эмнэлгийн Мэс заслын их эмч Б.Батсайхантай ярилцлаа.

НЭГ ӨРГӨССӨН СУДАС БАЙНГА ӨРГӨСЧ БАЙДАГ

-Хүмүүсийн 20 хувь нь 25 хүртэлх насандаа судасны өргөсөлтөөс болж шаналж эхэлдэг бол 70 хувь нь 70 наснаас эхлэн энэ өвчнөөр өвчилдөг гэх юм. Тийм болохоор та судас бүдүүрэх өвчний талаар тодорхой ойлголт өгөөч?
-Хөлийн судасны өргөсөл нь удаан хугацаагаар зогсох, удаан хугацаагаар явах, хөдөлгөөн багатай байх, олон дахин төрөх, хөлийн гүн судас бөглөрсний улмаас өнгөц судас нь өргөсөх, удам дамжих эсвэл жирэмслэлтийн дараах гармон болон даавар алдагдсаны улмаас үүсдэг юм.

-Эрчүүд эмчид очдоггүй боловч мөн л энэ өвчнөөр өвддөг гэж ярьдаг. Энэ өвчин эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил тохиолддог уу?

-Үгүй. Энэ өвчин эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. Тооны хувьд 4:1-ийн харьцаатай байдаг. Энэ нь нэгдүгээрт дааврын солилцоотой холбоотой. Хоёрдугаарт эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү хөдөлгөөн болон булчингийн хөгжил багатай, эмэгтэй хүний өөхөн давхарга их, булчингийн хөгжил нь бага байдаг учраас тэр. Нэг өргөссөн судас байнга өргөсч байдаг. Өөрөөр хэлбэл дахин сэдэрч болдог гэсэн үг.

ЭМЧИЛГЭЭНИЙ ОЙМС ӨМСӨХ, СУДАС НАРИЙСГАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ НЬ ЧУХАЛ

-Хөлийн судас бүдүүрэх өвчний үед биед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Эхний ээлжинд судас өргөснө, судсаар дагаж өвдөнө. Шагай орчим болон шилбээр тууралтууд гарна. Бүр хожуу үедээ могой хэлбэртэй том судсууд гарч ирнэ. Хөл чинэрэх, халуу оргих, явахад өвдөх, судас олон жил өргөссөнөөс болж шилбэ хавагнаж бүдүүрч эхэлдэг. Өвчтөнд өөрт нь хөлний судас өргөссөн байгаа нь харагддаг.

-Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ. Хүмүүс бариу оймс өмсөх, зогсч ажиллахаас зайлсхийх хэрэгтэй гэж ярьдаг юм байна лээ?
-Судас өргөсч эхэлж байгаа үед хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Мөн эмчилгээний оймс, зөөлөн бинт, тосон түрхлэг болон судас нарийсгах эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэх шаардлагатай. Мөн өөх тос багатай хоол хэрэглэх хэрэгтэй.

-Хатаах болон ширгээх эмчилгээ байдаг гэж дуулсан. Энэ эмчилгээ хэр үр дүнтэй вэ?
-Хатаах, ширгээх зориулалтын эм, тариа байдаг. Түүнийг эмчийн зааврын дагуу судас руугаа тарьж хэрэглэдэг бөгөөд их үр дүнтэй аргын нэгд тооцогддог.

ЭМЧЛЭГДДЭГ ӨВЧИН УЧРААС ГРУПП ТОГТООЛГОХ ШААРДЛАГАГҮЙ

-Хагалгааны аргаар эмчилдэг гэж сонссон. Бүр хүндэрсэн тохиолдолд мэс засал хийдэг юм уу?
-Хөлийн судас өргөсөж тод харагдсан, чинэрч өвдөх зовиур ихэсч эмийн эмчилгээ, оймс зэрэгт судас нь буцаж нарийсах боломжгүй болсон тохиолдолд мэс засал хийдэг. Эсвэл судсыг дундаас нь хайлуулах, лазераар түлэх эмчилгээнүүд байдаг. Харин хөлийн шилбээр хавагнах үед мэс засал хийх боломжгүй болдог.

Хэрэв мэс ажилбар хийлгэсэн бол тодорхой хугацааны турш эрүүл ахуйн дэглэм баримтлах хэрэгтэй. 3-6 сарын туршид уян оймс өмсөх, уян бинтэн ороолтыг дороос нь чангалж дээш нь сулруулах зарчмаар хэрэглэнэ. Мөн өөх тос багатай хоол хэрэглэж, ажлын ачааллыг зохицуулах ёстой.

-Монголд энэ өвчнөөр өвчилсөн хүн хэр олон байдаг вэ?
-Олон бий. Хүмүүс үүнийг группын өвчин гэж бодоод яваад байдаг юм. Гэтэл энэ нь мэс заслын аргаар, эмийн болон физик эмчилгээгээр эмчлэгддэг өвчин учраас групп тогтоолгох шаардлага байхгүй. Гэхдээ хүндрээгүй, дөнгөж эхэлж байгаа үе дээр нь эмчлэхгүй бол дахин сэдэрч болдог.

ХӨЛДӨӨ ХҮЙТЭН ЖИН ТАВЬЖ, ХӨЛӨӨ ДЭЭШ ӨРГӨ

-Эмэгтэй хүмүүст төрсний дараах үед тохиолддог уу эсвэл төрөхийн өмнөх үед илэрдэг үү?
-Эмэгтэй хүмүүст ихэвчлэн жирэмсний үе болон жирэмсний хожуу үе, жирэмсний дараах үед илэрдэг.

-Хөлийн судас өргөсөхөөс сэргийлэх зөвлөмж юу байна вэ?

-Юуны түрүүнд ажил, амралт, хөдөлгөөнөө зохицуулж, биеийн тамираар хичээллэх хэрэгтэй. Суудлын ажилтай хүн 1-2 цаг тутамд хөлөө хөдөлгөх, дээш нь өргөж байх харин зогсоо ажилтай бол үе үе сууж босох мэтийн хөдөлгөөн хийх нь зүйтэй. Хэрэв чинэрч өвдвөл хааяа хүйтэн жин тавьж, хөлөө дээш нь өргөж хэвтээгээрээ дугуй унах мэт хөдөлгөөн хийж, амарч байгаа үедээ хөлөө биеийн төвшнөөс өндөр байрлалд байлгах нь хөлийн судасны ачааллыг багасгадаг. Мөн дээрээс нь усанд сэлэх, хөлийг усаар шүрших, дугуй унах нь энэ өвчнөөс сэргийлдэг.

Г.Жаргалмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …