Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев 5 дугаар сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ. Олон Улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудалд эрхэм Ерөнхийлөгчийг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, албаны бусад хүмүүс угтан авав.
Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж, Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаас гадна хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Мөн Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулна.
Өнөөдөр Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиев Монголоос Болгарт төгсөгчдийн төлөөлөлтэй уулзалт хийх юм. Албан ёсны арга хэмжээнүүд маргааш Төрийн ордонд эхэлнэ.