Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев энэ сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн бөгөөд энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог аж.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж, Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаас гадна хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаас гадна Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулах юм байна.
Зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын төв, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг замуудын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж хязгаарлалт хийх юм. Ингэснээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд түгжрэл саатал үүсч болзошгүй тул замын хөдөлгөөнд оролцогчид нийтийн тээврийн үйлчилгээг сонгон үйлчлүүлэх, мэдээллийг цаг бүр FM 96.3 Авто радиогоос авч бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцох, цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.